Dark Light
Нийгэм | 2026-07-27

МОНГОЛЫН СОЁЛЫН ӨВИЙГ ЦАХИМЖУУЛАХ ЦАХИМ АРХИВЫН ТӨВ НЭЭГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн ээлжит сургалтыг БНСУ-ын Куанжу хотноо  энэ сарын 22-28-нд зохион байгууллаа.

​Уг үйл ажиллагаанд ССАЖЗЯ, Үндэсний музей, Үндэсний номын сан болон Соёлын өвийн үндэсний төвийн нийт 15 албан хаагч хамрагдав. Оролцогчид түүхэн өвийг цахимжуулах 2D, 3D технологи, зураг үүсгэгч хиймэл оюун /AI/ ашиглан контент бүтээх практик аргачлалд суралцаж, цахим удирдлагын нэгдсэн портал /GLAM 2.0/-ийн бүтэцтэй танилцан ур чадвараа дээшлүүлэв.

​Үйл ажиллагааны нээлтийн үеэр Азийн соёлын төвийн Гүйцэтгэх захирал Ким Сан Үг, БНСУ-ын хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй уг төслийн ач холбогдлыг дурдахын сацуу хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин тэлж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг хүн төрөлхтний өвд бүртгүүлсэнд баяр хүргэж, амжилт хүсэв. ССАЖЗЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг хэлсэн үгэндээ "Энэхүү төсөл нь Монголын түүх, соёлын нөөцийн мэдээллийг дэлхий нийтэд хүртээмжтэй хүргэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцлов.

​Уг төслийн хүрээнд соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх "Цахим архивын төв"-ийг манай Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн байна. Солонгосын талаас 60 сая вонын өртөг бүхий цахим архивын тоног төхөөрөмжийг хандивлаж, 8 дугаар сард нээхээр төлөвлөж байна. Ингэснээр манай улсын түүх, соёлын нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн баримтжуулж, урт хугацаанд найдвартай хадгалж хамгаалах боломж нэмэгдэх юм.

​Үүнтэй зэрэгцэн хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжгийг нээж,  2027 онд манай улсад аялан тоглолтоо толилуулахаар болжээ. Түүнчлэн төслийн баг Чоннам үндэсний их сургуулийн дэд ерөнхийлөгч Мёнгю Литэй уулзаж, салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах талаар санал солилцсоныг ССАЖЗЯ-наас мэдээлэв. 

​2025-2028 он хүртэл хэрэгжүүлэх тус төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын Чоннамын их сургуулийн баг ажиллаж байна. Уг төсөл нь үндэсний өвийг олон улсад сурталчлах, технологийн дэвшлийг ашиглан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад чухал түлхэц болж буйгаараа онцлог юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16