Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хандан улсын болон салбарын хамтын хэлэлцээрээр тохиролцсон цалин хөлсний нэмэгдлийг хэрэгжүүлж, шаардагдах төсөв, санхүүжилтийг 2026 оны улсын төсвийн тодотгол болон 2027 оны улсын нэгдсэн төсөвт бүрэн тусгах асуудлаар албан тоот хүргүүллээ.
Монгол Улсын Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоодын хооронд 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026–2028 оны Улсын хэлэлцээр”-ээр:
- хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох;
- цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, хэрэгжүүлэх;
- төрийн албан хаагчдын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлж, цалингийн бүтцийг оновчтой болгох;
- тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх;
- ДНБ болон инфляцын өсөлттэй уялдуулан цалин хөлсний эзлэх хувийг жил бүр нэмэгдүүлэх;
- улсын төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэхээс өмнө үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай нийгмийн түншлэлийн хүрээнд зөвшилцөхөөр талууд тохиролцсон.
Мөн МҮЭ-ийн холбооны гишүүн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоод холбогдох яамд, ажил олгогч талтай байгуулсан хамтын хэлэлцээрүүдээр боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, спорт, аялал жуулчлал зэрэг салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2026–2027 онд үе шаттай нэмэгдүүлэх тодорхой үүрэг, амлалтыг харилцан тохиролцож баталгаажуулсан юм.
Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт ажиллагчдын бодит орлогод дарамт учруулж буй энэ үед цалин хөлсний талаар тохиролцсон үүрэг, амлалтыг хугацаанд нь хэрэгжүүлэх нь ажиллагчдын бодит орлогыг хамгаалах, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, нийгмийн түншлэлд итгэх итгэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Иймд МҮЭ-ийн холбооноос салбарын ажилтнуудын цалин хөлсийг тохиролцсон хувь хэмжээ, үе шатны дагуу нэмэгдүүлэх, бусад төрийн албан хаагчдын цалин хөлсийг бодитой нэмэгдүүлэхэд шаардагдах төсөв, санхүүжилтийг нийгмийн түншлэгч талуудтай зөвшилцөн 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсөвт бүрэн тусгах, улсын болон салбарын хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох сайд, байгууллагуудад үүрэг, чиглэл өгч ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас хүслээ.


|
Эх сурвалж
| Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
|
АДМИН






Нийгэм





