Dark Light
Нийгэм | 2026-07-27

СИЙЛХЭМИЙН ТАРВАГАН ТАХЛЫН БАЙГАЛИЙН ГОЛОМТ ӨНДӨР ИДЭВХТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Алтайн БНУ-ын Тарваган тахал эсэргүүцэн судлах станцын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг 2026 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн 30 хоногийн хугацаанд Улаанхус, Ногооннуур, Бугат сум болон Цагааннуур тосгоны хил орчмын Сийлхэмийн бүлэг голомтод тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил, хүн амын халдварлах эрсдэлийг тодорхойлох тандалт, судалгааг хийж байна.
Энэ нь Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2017 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй хамтарсан судалгааны 10 дахь жил юм.
Судалгааны үр дүнг танилцуулах өргөтгөсөн уулзалт өнөөдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт болж, аймгийн Засаг дарга, холбогдох байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд болон Монгол, ОХУ-ын хамтарсан багийн төлөөлөл оролцлоо.
Хуралдааны үеэр Сийлхэмийн бүлэг голомтод хийсэн тандалт, судалгааны дүнгээр Баян-Өлгий аймагт тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил маш өндөр түвшинд байгаа бөгөөд хүний өвчлөл бүртгэгдэх эрсдэл өндөр байгааг хоёр улсын мэргэжилтнүүд мэдээлэв.
Мөн Улаанхус, Ногооннуур, Бугат сум, Цагааннуур тосгоны нутагт амьдарч буй иргэд, малчид болон Алтай Таван Богдыг зорин зорчдог аялагч, жуулчид тарваган тахлын голомтот бүсийг дайран өнгөрдөг тул сонор сэрэмжээ дээшлүүлж, халдвар авах эрсдэлтэй үйлдлээс татгалзах шаардлагатайг онцлон анхаарууллаа. Түүнчлэн цаашид хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар талууд санал солилцов.
Хамтын ажиллагаанд олон жилийн турш идэвх, үр бүтээлтэй ажилласан Монгол, ОХУ-ын мэргэжилтнүүдийг энэ үеэр шагнаж, урамшууллаа.
Саяхан Ховд аймагт батлагдсан тарваган тахлын хүний өвчлөл нь Баян-Өлгий аймгийн Сийлхэмийн голомтоос халдвар авсан болох нь тогтоогдсон. Иймд тарваган тахлын улирал үргэлжилж буй энэ үед иргэд тарвага агнах, түүхий эд эрхтэнтэй нь харьцах, тодорхойгүй шалтгаанаар үхсэн мэрэгч амьтанд хүрэх зэрэг халдвар авах эрсдэлтэй үйлдлээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж | Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16