“Монголын говь” өвийн газрыг Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад нэр дэвшүүлэхээр Олон Улсын Байгаль Хамгаалах Холбооны шинжээчдийн баг есдүгээр сард манай улсад ирж техникийн үнэлгээ хийхээр төлөвлөж байна.
Дэлхийн байгалийн өвийн урьдчилсан жагсаалтад 2014 онд бүртгүүлсэн тус газрын талаар БНСУ-ын Пусан хотноо энэ сарын 19-29-нд зохион байгуулсан Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы үеэр хэлэлцсэнийг БОУАӨЯ мэдээлэв.
Дэлхийн өвийн хорооны өнгөрсөн оны ээлжит чуулганаар Монгол Улсаас Дэлхийн байгалийн өвд нэр дэвшүүлсэн “Дорнод Монголын хээр тал” өвийн номинацийг хэлэлцэн тодорхой үүрэг даалгавар бүхий зөвлөмж өгч, тодорхой шийдвэр гаргасан юм. Энэ хүрээнд БОУАӨЯ-ны ТХГНБГ-ын дарга Ц.Уранчимэг, БОУАӨ-ийн сайдын Дэлхийн өвийн асуудал хариуцсан зөвлөх бөгөөд Байгалийн өвийн үндэсний шинжээч Б.Чимэд-Очир, П.Ганхуяг, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянга нар Олон Улсын Байгаль Хамгаалах Холбооны төлөөлөгчидтэй уулзаж, өвийн газрыг хамгаалж буй ажил, цаашид хийх үйл ажиллагааны тухай санал солилцжээ.
Чуулганы үеэр Хан Хэнтийн УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, уул, овоо тахих уламжлалт зан үйлийн өвийн хамгаалалтын нэгдсэн менежмент, хэрэгжүүлж буй туршлагыг олон улсын судлаач, шинжээчдэд танилцууллаа. Илтгэлээ ЮНЕСКО-гийн Бээжин дэх бүсийн төлөөлөгчийн газар, Зүүн Азийн II зэрэглэлийн төвүүдээс өнгөрсөн онд шалгаруулсан олон улсын судалгаанд үндэслэсэн бөгөөд Бурхан Халдуны хамгаалалтын туршлага нь биет болон биет бус өвийн уялдаа холбоог харуулсан энэ илтгэл нь Зүүн хойд Азийн шилдэг загвар, ЮНЕСКО-гийн нэгдсэн менежментийн арга зүй боловсруулах суурь жишээний нэгээр сонгогджээ.







Нийгэм





