Амьдралынхаа эхний хоёр жилд сахрыг бага хэмжээнд хэрэглэх нь хэдэн арван жилийн дараа тархины эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд онцолж байна. Хүүхдийн өсөлтийн эхэн үеийн хооллолт нь цаашдын эрүүл мэндийн суурийг тавьдаг.
Дэлхийн II дайны дараа Их Британид сахрын хязгаарлалт цуцлагдахад нэг хүний өдрийн дундаж сахрын хэрэглээ 41 граммаас 80 грамм болж огцом өссөн юм. Гуанжоу дахь Хонконгийн шинжлэх ухаан, технологийн сургуулийн судлаачид уг үечлэлд өссөн 65,000 орчим хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийн судалгаагаа гүйцэтгэжээ.
Судалгааны үр дүнгээс харахад хоёр нас хүртлээ сахрын хязгаарлалттай орчинд өссөн хүмүүс зөнөгрөх буюу деменци өвчнөөр өвчлөх эрсдэл 23 хувиар бага байжээ. Түүнчлэн тус өвчний оношилгоо тэдний хувьд дунджаар 2.5 жилээр хойшилж байсан нь ажиглагдсан байна.
Ажиглалтын судалгаа учраас энэ нь сахрын хэрэглээ ба деменцийн хамаарлыг хөдөлшгүйгээр нотлох "няцаашгүй баримт" биш гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Тухайн үеийн хүүхдүүдийн хооллолтын горим өөр байсан болон 80 жилийн хугацаанд өөр олон хүчин зүйл нөлөөлсөн байх боломжтой юм.
Шууд шалтгаант холбоог бүрэн батлаагүй ч бага наснаас эхлэн эрүүл, тэнцвэртэй хооллох нь тархины эрүүл мэндийг дэмжих хамгийн шилдэг аргуудын нэг юм. Сахрын хэрэглээг хязгаарлаж, эрүүл хооллох дадал хэвшүүлэхэд хэзээ ч оройтохгүй.




Нийгэм





