Dark Light
Нийгэм | 2026-07-31

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Mонгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2026.07.30) хүлээн авч уулзан, зам, тээврийн салбарт хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 
Уулзалтын хүрээнд талууд Зам, тээврийн яам болон Худалдаа хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
 
Санамж бичиг байгуулснаар зам, тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байна.
 
Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан зам, тээврийн салбарт хэрэгжиж буй томоохон төслүүдийн талаар товч танилцууллаа. Тэрбээр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байгааг онцлоод, хил холболтын төмөр зам ашиглалтад орохоос өмнө “Монголын төмөр зам” ТӨХК-д ачаа тээврийн хэрэгцээг хангах зорилгоор вагон, зүтгүүрийн паркыг шинэчлэх шаардлага үүсэж буйг дурдав.
 
Мөн Улаанбаатар хотын дундуур дамжин өнгөрдөг аюултай ачаа тээврийг хотын гадуур тээвэрлэх зорилготой Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийг товлосон хугацаанд буюу энэ намар ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж байгааг танилцууллаа.
 
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон бүс нутгийн агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын төрийн өмчит COMAC (Commercial Aircraft Corporation of China) компанитай хамтран ажиллах, Хятадын бүс нутгийн зорчигч тээврийн дунд оврын нисэх онгоцыг Монгол Улсын дотоодын ойрын зайн нислэгт ашиглах боломжийг судалж, холбогдох саналыг хүргүүлээд байгааг мэдээллээ.
 
Мөн талууд зам, тээврийн салбарт хэрэгжиж буй стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах, харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
 
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, ХХБ-ны Байгууллагын банкны газрын захирал Б.Оргил нар оролцлоо.
 
Уулзалтын төгсгөлд талууд энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын зам, тээврийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ төмөр зам, иргэний нисэхийн салбар дахь хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал эхлэл болно гэдэгт санал нэгдлээ.
 
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Зам, тээврийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллаж буй Худалдаа хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16