Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2026 оны 8 дугаар сарын 2–8-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадад (IOAI 2026) эх орноо төлөөлөн оролцох Монгол Улсын баг өнөөдөр "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас мордлоо.
Баг дөрвөн сурагч, хоёр дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй. Энэ жилийн олимпиадад дэлхийн 123 улсын 500 гаруй шилдэг сурагч оролцох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь оролцогч орнуудын тоогоороо Олон улсын математикийн олимпиадын (IMO) дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэх хэмжээний өргөн цар хүрээтэй олимпиад юм.
Олимпиад онол, практик хосолсон дараах төрлүүдээр явагдана. Ганцаарчилсан тэмцээн хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд оролцогчид хоёр өдрийн турш, өдөр бүр зургаан цагийн хугацаанд үе тус бүр хиймэл оюуны цогц гурван бодлогыг бие даан бодно. Даалгаварт хиймэл оюун ухаан, машин сургалт, гүн сургалтын төрөл бүрийн арга, техникийг ашиглан шийдвэрлэх бодлогууд өгнө.
Багийн тэмцээнд багийн гишүүд хамтран GALBOT хүн дүрст роботыг программчилж, симуляци болон бодит орчны сорилтуудыг гүйцэтгэн өрсөлдөх юм байна.







Нийгэм



