Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн 2026 оны наймдугаар сарын 3-ны өдрийн ээлжит хурлаар 2026 оны эхний хагас жилийн эх, хүүхдийн эндэгдлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ж.Отгонбаатар эх, хүүхдийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг танилцуулсан юм.
2026 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 25,753 эх амаржиж, 25,996 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1,046, амьд төрөлт 1,005 тохиолдлоор тус тус буурсан байна. Мөн 97 ураг амьгүй төржээ. Тайлант хугацаанд таван эх эндэж, эхийн эндэгдлийн харьцаа 100,000 амьд төрөлтөд 19.2 болж, өмнөх оны мөн үеэс 14.1 промиллеэр буурсан байна. Эхийн эндэгдлийн харьцаа Улаанбаатар хотод 13.6, орон нутагт 26.5 байгаа нь орон нутгийн үзүүлэлт улсын дунджаас өндөр байгааг харууллаа. Үүнтэй холбогдуулан жирэмсний үеийн хавсарсан өвчний хяналт, менежментийг сайжруулах, үжил, халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөөг эрчимжүүлэх, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт, төрөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан “Эмгэг судлалын шинжилгээ хийх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах, эх барих, эмэгтэйчүүд, нярайн зөвлөх эмч нарын ур чадварын баталгаажуулалтыг зохион байгуулж, зөвлөх эмч нарыг томилгоожуулах ажлыг эрчимжүүлэхээр болов. 2026 оны эхний хагас жилд улсын хэмжээнд тав хүртэлх насны 396 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеэс 55 тохиолдлоор буурч, хүүхдийн эндэгдлийн түвшин 16.7 промиллоос 15.2 промилл болж 1.5 промиллеэр буурсан байна. Удирдлагын зөвлөлөөс цаашид тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, яаралтай болон эрчимт тусламж үйлчилгээний чанарт нарийвчилсан үнэлгээ хийх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийслэлийн хүүхдийн тусламж үйлчилгээний ачааллыг оновчтой төлөвлөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
|
Эх сурвалж
| Эрүүл мэндийн яам
|
АДМИН







Нийгэм



