Прокурорын байгууллага 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 29,444 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан байна.
Дээрх хугацаанд 853 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 676 хэрэг шинээр нээж, 51 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, Өмчлөх эрхийн эсрэг 14, Авлигын эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Хүүхдийн эсрэг болон Эдийн засгийн эсрэг тус бүр 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн авлигын хэргүүдээс тоймлон хүргэвэл:
- Ц.Б нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа сургуулийн манаач А.Г-тэй бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд А.Г-н эзэмшлийн дансаар заал болон зогсоолын төлбөр 121,5 сая төгрөг авснаас 600 мянган төгрөгийг өөртөө бэлнээр авч, А.Г-д 120,9 сая төгрөгийг захиран зарцуулах давуу байдал бий болгосон,
Ц.Б, С.Д нар бүлэглэж 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд С.Д-ийн дансаар заалны түрээс болох 1,9 сая төгрөгийг авч, захиран зарцуулах давуу байдал бий болгосон,
Мөн Ц.Б-ийн банкны дансаар 240 мянган төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө эдийн давуу байдал бий болгож, Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуульд их хэмжээний буюу 123,1 сая төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Б нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны Б/110 дугаартай тушаалаар Д.Н-ийг ажилд томилж, 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд 15,2 сая төгрөгийн цалин олгосон,
Мөн 2023 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд ажлыг хавсран гүйцэтгэгч гэх нэр бүхий багш, ажилтан нарт “мэдээллийн технологийн ажилтны” цалингийн хувь буюу нийт 790,3 сая төгрөгийн цалинг тус тус олгон, Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуульд 143,6 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
-Б.Б нь ... мөрдөн шалгах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа өөрийн мөрдөн байцаалт явуулж байсан эрүүгийн ... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг удаашруулж, ... яллагдагч Ө.Г-г оргон зайлсан үндэслэлээр 2025 оны 6 дугаар сард “Мөрдөн байцаалтын хэргийг түдгэлзүүлэх тухай” мөрдөгчийн саналыг прокурорт гаргаж, прокуророос хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж, хуулиар хүлээсэн албаны чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйн хариуд Ө.Г-ээс өөрийн эзэмшлийн дугаартай дансаар нийт 550 мянган төгрөгийн хахууль авсан,
Ө.Г нь өөрт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааг удаашруулж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус хэрэгт мөрдөн байцаалт явуулж байсан мөрдөн шалгах тасгийн мөрдөгч Б.Б-д 550 мянган төгрөгийг түүний эзэмшлийн данс руу шилжүүлж үргэлжилсэн үйлдлээр хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Л.Д нь хорих ангийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус хорих ангид хорих ял эдэлж байсан Б.Б-г бүх нийтийн амралтын өдрүүд болох 2025 оны 11 сарын ...-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын ...-ны өдрүүдэд мөнгө авах, түргэн хоол авхуулах зорилгоор бусадтай гар утсаар яриулж, өөрийн эзэмшлийн банкны дансаар 1 сая 124 мянган төгрөгийг авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Б.М, П.С нар бүлэглэн 2024 оны 1 дүгээр сард бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд ... дугаартай гэрчилгээг шинээр гаргуулах зорилгоор өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Д.А-гийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эзэмшлийн дансанд 200 мянган төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар, яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
- А.Г 2024 оны 5 дугаар сард үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэл бүртгэгдэх хугацааг хурдан гаргуулахаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор улсын бүртгэгч Д.А-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эзэмшлийн дансанд 150 мянган төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Бусад хэргийг тоймлон хүргэвэл :
- Т.Ж, Н.Ү нар нь бүлэглэн, 2025 оны 4 дүгээр сард Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Гарнет Центр (Garnet Center) худалдааны төвийн байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Г.М эзэмшлийн үнэт эдлэлийн дэлгүүрээс 112 нэр төрлийн 221,4 сая төгрөгийн үнэ бүхий алтан ээмэг, бөгж, гинж, бугуйвч зэрэг үнэт эдлэлүүдийг хууль бусаар хулгайлан авч их хэмжээний хохирол учруулсан,
Мөн Т.Ж нь Н.М-тэй бүлэглэн 2026 оны 1 дүгээр сард хохирогч М.Н-ийн эзэмшлийн үнэт эдлэлийн дэлгүүрээс 194 нэр төрлийн нийт 273,4 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетан үнэт эдлэлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан,
Н.Ү нь ганцаараа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын ІІ жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) aгууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, биедээ хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад (өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг)-т, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;
- Б.Б, Э.С нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас илгээж, гаалийн хяналтын бүсээр улсын хилээр нэвтэрсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэрэг,
Мөн Б.Ц-ын үйлдсэн “хулгайлах, залилах” гэмт хэргийн улмаас олсон 5,3 сая төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгөн хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн төрсөн эхийн дансаар дамжуулан авсан,
Б.Ц нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх хэрэглээний нэршилтэй бодисыг хууль бусаар олж авсан, биедээ хууль бусаар хадгалсан,
П.Р-ийн эзэмшлийн хашаанд байрлуулсан түүний өмчлөлийн 5,3 сая төгрөгийн үнэ бүхий 20 тонны төмөр чингэлэгийг бусдад худалдан борлуулж мөнгө олох гэсэн шунахайн сэдлээр банкны дансанд шилжүүлэн авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт (өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг), Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- 3.А нь Испани Улсын Мадрид хотоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгоор бусдаас худалдан олж авсан, Испанийн Хаант Улсын Мадрид хотоос сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн З.А гэх нэр, хаягийг ашиглан худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 заалтад (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- А.Э нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцын ІІ жагсаалтад багтсан Тетрагидроканнабинол (tethrahydrocannabinol) агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Э.Г, Х.Б нар нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны конвенцын ІІ жагсаалтад багтсан метамфетамин (Methamphetam) агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- О.Ш нь эм барих зөвшөөрөлгүй атлаа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй Япон Улсад үйлдвэрлэсэн, ханиадны гэх эмийг зөвшөөрөлгүйгээр худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Г.Т нь насанд хүрээгүй И.Н-ийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, Нийслэлийн нутаг дэвсгэрт биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг), Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (биеэ үнэлэхийг зохион байгуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Б.Н нь Б.О-тэй бүлэглэн насанд хүрээгүй Г.У, Ш.С-ийг саун, массажны үйлчилгээ үзүүлэх нэрээр хуурч мэхлэн бусдад зуучлан биеийг нь үнэлүүлж худалдаалсан,
Мөн Сонгинохайрхан дүүрэгт саун, массажны үйлчилгээ үзүүлэх нэрээр Э.Ө-ыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг), Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (биеэ үнэлэхийг зохион байгуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- С.С нь Methylephedrine, Guaifenesin, Acetaminophen, Caffeine, Chlorphenamine нэртэй бодисуудын агууламжтай эмийг бусдад тус бүр нэг хайрцгийг 65 мянган төгрөгөөр зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх )-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- С.Т нь насанд хүрээгүй Н.Б-д хүч хэрэглэхээр заналхийлж, түүний хүсэл зоригийн эсрэг бэлгийн эрх чөлөөнд нь халдан, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу “хүчиндэх” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (бага насны хүүхдийн эсрэг)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
|
Эх сурвалж
| УЕПГ
|
АДМИН







Нийгэм



