Хэрэв дэлхий дээрх бүх хүн нэгэн зэрэг үсрээд газарт буувал манай гарагийн байрлалд бараг ямар ч өөрчлөлт гарахгүй гэж АНУ-ын Зүүн Өмнөд Луизианагийн их сургуулийн физикч Ретт Аллен тайлбарлажээ.
Тэрээр UNILAD-д өгсөн ярилцлагадаа импульс болон энерги хадгалагдах хуулиудад тулгуурлан энэхүү таамаглалыг тайлбарласан байна. Тооцоололдоо дэлхий дээр ойролцоогоор долоон тэрбум хүн амьдардаг, хүн бүр дунджаар 30 см өндөр үсэрч чадна гэж үзжээ.
Эрдэмтний хэлснээр, бүх хүн нэгэн зэрэг газраас хөндийрсөн ч дэлхийн асар их масс буюу ойролцоогоор 6 × 10²⁴ кг жинтэй харьцуулахад хүний хөдөлгөөнөөс үүсэх импульс маш бага тул гарагийн хөдөлгөөнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй аж.
Түүний тооцоогоор, дэлхий эсрэг чиглэлд маш богино хугацаанд секундэд ердөө 2.6 × 10⁻¹³ метрийн хурдатгал авах боломжтой. Энэ нь нэг секундын хугацаанд устөрөгчийн атомын радиусын ердөө зууны нэгтэй тэнцэх хэмжээний шилжилт бөгөөд бодит амьдрал дээр хэмжихэд бараг боломжгүй үзүүлэлт юм.
Хүмүүс буцаж газарт буусны дараа дэлхий анхны байрлалдаа эргэн очно. Үүнийг физикч хоёр өөр жинтэй биетийг пүршээр холбосон системтэй зүйрлэсэн байна. Хөнгөн биет илүү их хөдөлж, харин хүнд биетийн шилжилт маш бага байдагтай адил дэлхий болон хүмүүсийн хоорондын "холбоос"-ын үүргийг таталцлын хүч гүйцэтгэдэг гэжээ.






Нийгэм



