Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги мужийн Гояан хотод энэ оны 8 дугаар сарын 12–14-ний өдрүүдэд “Олон улсын стандартын 21 дэх удаагийн олимпиад” зохион байгуулагдана. Үндэсний сонгон шалгаруулалтад шалгарч, эх орноо төлөөлөн оролцох баг сурагчдыг Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал хүлээн авч уулзан, тэмцээний бэлтгэл ажилтай танилцаж, амжилт хүслээ.
Олон улсын стандартын олимпиад нь дэлхийн улс орнуудын залуу үед стандартын ач холбогдол, чанар, аюулгүй байдал болон тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг төлөвшүүлэх зорилготой, нэр хүндтэй арга хэмжээ юм. Мөн сурагчдын стандартчиллын мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах болон англи хэлний харилцааны чадварыг хөгжүүлж, соёлын солилцоог өргөжүүлдгээрээ чухал ач холбогдолтой.
Уулзалтын үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал: "Та бүхний өмнө том боломж, том хариуцлага байна. Энэ олимпиад бол зөвхөн нэг удаагийн тэмцээн биш, харин та бүхний ирээдүйн боловсрол, мэргэжил, манлайллын замналын эхлэл юм. Олимпиадад бэлтгэх хугацаанд та бүхэн стандартын талаарх мэдлэг, ойлголтоо өргөжүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвараа хөгжүүлсэн гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсаа нэр төртэй төлөөлж, амжилт гаргаад ирээрэй. Цаашид та бүхэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон үе тэнгийнхэндээ стандартын ач холбогдол, хэрэглээг түгээн дэлгэрүүлж, стандартын боловсролыг сурталчлах манлайлагчид болно гэдэгт итгэж байна" хэмээн онцлон хэлэв.
Энэ удаагийн олимпиадад Монгол Улсаас гадна Австрали, Саудын Араб, БНХАУ, БНСУ, Индонез, Кени, Узбекистан, Сингапур, Эквадор, Перу зэрэг орны нийт 17 баг өрсөлдөх юм. Оролцогчид стандартын мэдлэг, илтгэх ур чадвар, багаар ажиллах чадамж болон бүтээлч сэтгэлгээгээрээ мэдлэг, туршлагаа сорино.
|
Эх сурвалж
| Стандарт хэмжил зүйн газар
|
АДМИН






Нийгэм



