Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр эхэлж, өнөөдөр /2026.08.10/ үргэлжлэн нийслэлийн өмчит аж ахуйн нэгж, өвөлжилтийн бэлтгэл болон нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх бусад асуудлыг хэлэлцэн, холбогдох тогтоолын төслийг дэмжлээ.
Хуралдаанаар нийслэлийн өмчит 18 аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2025 оны санхүүгийн тайлангийн цэвэр ашгаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь, хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэв. Тус аж ахуйн нэгжүүд 2025 онд нийт 18.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд цэвэр ашгийн 20 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа, өр төлбөр, менежмент, хариуцлагын тогтолцоог сайжруулах, үр ашигтай ажиллаж буй байгууллага, удирдлагыг урамшуулах, ашиггүй ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх шаардлагатайг онцлов.

Мөн нийслэлийн өмчит зарим аж ахуйн нэгжийг нэгтгэх, бүтцийн давхардлыг арилгах, захиргааны зардлыг бууруулах, шаардлагатай тохиолдолд хөрөнгийн зах зээлийн зарчмаар IPO хийх боломжийг судлах санал гаргав. Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ашгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх хувь хэмжээг цаашид тодорхой журмаар зохицуулах, ашигтай ажилласан байгууллага болон менежментийн үр дүнг харгалзан урамшууллын тогтолцоог бий болгох нь зүйтэй гэсэн байр суурийг төлөөлөгчид илэрхийллээ.
Түүнчлэн нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэх, нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, орон сууцыг нийслэлийн өмчөөс хасаж иргэдэд шилжүүлэх, барилга байгууламжийг балансаас баланст шилжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах тухай асуудлыг тус тус хэлэлцэн, дэмжлээ.
НИТХ-ын ээлжит VIII хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтын дагуу Хурлын хороодын дарга нарыг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэж, хороодын даргаар дараах төлөөлөгчийг томилохыг дэмжлээ.
-Бүсчилсэн хөгжлийн хорооны даргаар НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин
-Хүний хөгжлийн хорооны даргаар НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул
-Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны даргаар НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар
-Ногоон хөгжлийн хорооны даргаар НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж
-Засаглал, эрх зүйн хорооны даргаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө

НИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг хааж, НИТХ-ын дарга Д.Ихбаяр нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах чиглэл өглөө.
Тэрбээр, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шахмал түлшний нөөц, тээвэрлэлт, борлуулалтыг тасалдалгүй зохион байгуулах, иргэдийг түлшний хомсдолгүй өвөлжүүлэх, хийн халаалтад шилжсэн айл өрхийн хийн зуухны ашиглалтад тавих хяналтыг сайжруулах шаардлагатай гээд өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөө, тооцоо судалгаанд үндэслэн эрчимжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо.
Мөн төр, захиргааны байгууллагуудаас гаргаж буй бодлого, шийдвэрийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй, ойлгомжтой хүргэж, хэрэгжилтийг хангахын зэрэгцээ ус, дулаан хангамж, инженерийн байгууламж болон иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг уриалсан юм.
2026-2027 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан төрийн болон хувийн хэвшлийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлын гүйцэтгэл, бэлэн байдлыг газар дээр нь шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгов. Мөн Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу КОП17-д нийслэл онцгой үүрэгтэй оролцож буйг тэмдэглэн, арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулалтад бүх шатанд хариуцлагатай хандахыг уриалав. Үүний зэрэгцээ нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангах, замын түгжрэл, хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатайг онцлов.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа бүрэн хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргаснаар хуралдаан өндөрлөлөө.
АДМИН







Нийгэм



