БНМАУ-ын баатар Чойн Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн түүхт 90 жилийн ойн баярын үйл ажиллагаа наймдугаар сарын 10-ны өдөр боллоо.
Тус анги нь байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж, улсын хил хамгаалалтыг бэхжүүлэх ариун үүргээ нэр төртэй биелүүлэн ирсэн арвин түүхтэй юм.
Үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Л.Соронзонболд, Ж.Батсуурь, ХХЕГ-ын удирдлагын төлөөлөл, хошууч генерал Я.Пүрэвдорж, Ш.Лхачинжав, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэрэг, агаарын цэргийн атташе Павел Владимирович Петрунин, орон нутгийн удирдлагууд, Хилийн цэргийн 0184 дүгээр ангид ажиллаж байсан үе үеийн ахмад хилчид, тэдний ар гэрийн төлөөлөл, Сүхбаатар аймгийн Онгон сумын ард иргэд оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааны үеэр Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн хилчид цэргийн ёслолын жагсаалаар хил хамгаалалтад ашиглагдаж буй дэвшилтэт техникүүдийг танилцуулж, түүхт 90 жилийн ойдоо зориулан 523 км-ын холын зайн алхалт үйлдсэн бэлтгэл ахлах ахлагч Г.Туяацогтыг угтан авч, хилчдийн албаны ур чадварыг харуулсан үзүүлэх тоглолт сонирхуулсан бол Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид хүндэтгэлийн концерт толилууллаа. Түүхт ойн баярын хурлын үеэр эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг хамгаалах үйлсэд ур чадвараа зориулан хөдөлмөрлөсөн ахмад хилчид, алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Хууль зүй дотоод хэргийн яам болон байгууллагын шагналаар шагнуулав.
Ойн арга хэмжээний хүрээнд хүндэт зочид төлөөлөгчид БНМАУ-ын баатар Чойн Дугаржавын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлснээс гадна ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, Цэргийн жанжин, Армийн генерал Исса Александрович Плиевын дурсгалд зориулсан хүрэл хөшөөний нээлтэд оролцсон юм. Мөн энэ өдөр тус ангид тэртээх 1974-1987 онд хугацаат цэргийн алба хааж байсан ахмад хилчдийн төлөөлөл болох "Онгон Хилийн Харуул-999" ТББ-аас хүндэтгэлийн өргөө гэр Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн хамт олонд гардууллаа.
АДМИН







Нийгэм



