Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо Олон улсын газар зүйн 22 дугаар олимпиад /IGEO2026/ эхэллээ. Тус олимпиад энэ сарын 11-17-нд үргэлжлэх бөгөөд дэлхийн 50 орны 180 гаруй сурагч оролцож байна.
Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, Монгол Улсаас Шинэ-Эрин сургуулийн сурагч Н.Нараа, Гёте сургуулийн сурагч А.Амина, Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Намуухан, Хобби сургуулийн сурагч Т.Мичид нар оролцож байна.
Олимпиадын хүрээнд оролцогчид бичгийн шалгалт, мультимедиа сорил, хээрийн дадлага ажил гэсэн үндсэн гурван төрлөөр мэдлэг, ур чадвараа сорих юм. Сурагчид газарзүйн мэдлэгээ ашиглан бодит орон зайн асуудлыг шинжлэх, газар зүйн мэдээллийг тайлбарлах, нотолгоонд тулгуурлан дүгнэлт хийх, асуудлыг шийдвэрлэх арга зам боловсруулах чадвараараа өрсөлдөнө.
Монголын багийг МУИС-ийн Газар зүйн тэнхимийн багш Ц.Цэндсүрэн, О.Мэндбаяр нар ахлан ажиллаж байна.







Нийгэм



