Халхын Түшээт хан Гомбодоржийн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй “Бурхан багш Шагжамунийн зурагт намтар” (Бурхан багшийн шүтээн зурагт намтар) хэмээх түүхэн ховор бүтээлийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн өвд албан ёсоор бүртгэлээ. Энэхүү түүхэн шийдвэрийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн хорооны Ерөнхий бага хурлаас гаргасан байна.
Индонез улсын Жакарта хотноо зохион байгуулагдсан тус бага хуралд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал Пүрэвсүхийн Байгальмаа, зөвлөх Очирбатын Батсайхан болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ажилтан Очирбатын Дэлгэрцэцэг нар Монгол Улсаа төлөөлөн оролцож, тус өвийн албан ёсны батламж сертификатыг гардан авчээ. Энэхүү түүхэн шийдвэр нь Монгол Улсын музейн салбарын түүхэнд тус хөтөлбөрт өвөө бүртгүүлсэн анхны тохиолдол болж байгаагаараа туйлын онцлогтой юм.
ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн уг бүтээлийг XIX зууны үед нэр нь үл мэдэгдэх Монголын лам зураач цаасан дээр эрдсийн будгаар зурж урласан түүхтэй. Түүх, соёлын нандин өв болох уг бүтээлийн хэмжээ нь 28х22 сантиметр бөгөөд Бурхан багшийн амьдрал, цадиг түүхийг дүрслэн харуулсан уран зургийн хосгүй нандин дурсгал юм.
Чуулганы үеэр Монгол Улсын төлөөлөгчид Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны 2024-2026 оны үйл ажиллагааны тайланг танилцуулахын зэрэгцээ баримтат өвийн бүртгэл, хадгалалт хамгаалалт, хүртээмжийг сайжруулах болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гишүүн орнуудтай санал солилцов. Тус өвийг Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгүүлсэн нь Монгол Улсын баримтат өвийн үнэ цэнийг олон улсын түвшинд таниулах, судлах, хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Монгол Улс “ЮНЕСКО”-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад долоон өв, Ази, Номхон далайн бүс нутгийн жагсаалтад зургаан өвийг тус тус бүртгүүлээд байна.
Монгол Улсаас ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн өвд бүртгэгдсэн түүх, соёлын нандин дурсгалууд
Манай улс соёлын биет өв, түүхэн сурвалж бичгүүдээ хамгаалах, дэлхий дахинд сурталчлах зорилгоор ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Өдгөө тус хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн өвийн жагсаалтад Монголын түүх, шашин, хэл шинжлэлийн хосгүй ховор дараах 4 бүтээл албан ёсоор бүртгэгдээд байна:
-
Лу гүний "Алтан товч" (2010 онд бүртгэгдсэн): 1651 онд Лувсанданзан ламын туурвисан, Монголын эртний түүх, хаад, ялангуяа Чингис хааны үеийн түүхийг өгүүлсэн "Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч" хэмээх сурвалж бичиг юм.
-
Лхагва бурхан Дара эх (Цагаан дара эх) судар (2014 онд бүртгэгдсэн): Бурханы шашны уламжлалт зан үйл, соёл, уран бичлэгийн нандин дурсгал болох ховор судар юм.
-
"Мэргэд гарахын орон" толь бичгийн модон бар (2016 онд бүртгэгдсэн): Төвөд-Монгол хэлний нэр томьёоны алдарт толь бичгийг хэвлэхэд ашиглаж байсан, сийлбэр урлал болон хэл шинжлэлийн асар том түүхэн өвд тооцогддог модон барууд юм.
-
Бурхан багшийн зурагт намтар (2026 онд бүртгэгдсэн): Г.Занабазарын нэрэмжит музейд хадгалагдаж буй, XIX зууны үед Монголын лам зураачийн эрдсийн будгаар цаасан дээр зурж урласан Бурхан багш Шагжамунийн цадиг түүхийг харуулсан хосгүй уран зураг бөгөөд манай улсын музейн салбараас бүртгэгдсэн анхны өв юм.
ТАТАР МАЙДАР






Нийгэм




