"Эрдэнэс Монгол ХХК-аас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн захиргааны ажилтнуудын орон тоог 30 хувиар бууруулах, нийгмийн шинжтэй бүтцийн нэгжүүдийг хувьчлах болон харьяа салбарт шилжүүлэх чиглэл өгсөн нь ажилтнуудын ажлын байр, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалд ноцтой эрсдэл учруулж байна" хэмээн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдэгдлээ.
Мэдэгдэлдээ:
Энэ нь зөвхөн байгууллагын бүтэц, орон тооны асуудал биш. Уг шийдвэр хэрэгжвэл 1300 орчим ажилтан ажлын байраа алдаж, олон өрхийн амьжиргаа, Эрдэнэт хотын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Ажилтнуудын амьдрал, нийгмийн баталгаатай шууд холбоотой ийм шийдвэрийг үндэслэлтэй тооцоо, судалгаагүйгээр, ажилтны төлөөллийн байгууллагатай бодитой зөвшилцөлгүйгээр гаргаж болохгүй.
МҮЭ-ийн холбоо “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ҮЭ-ийн холбоо, ҮЭ-ийн гишүүд, ажилтнуудын хууль ёсны шаардлага, тэмцлийн хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж, бодит үр дүнд хүрэх хүртэл хамтдаа байх болно.
Иймд МҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ дахь намын бүлгийн дарга нарт шаардлага хүргүүлж, дээрх чиглэлийг нэн даруй зогсоон, хүчингүй болгох шаардлага хүргүүлээд байна.
АДМИН







Нийгэм



