Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан билээ.
Уг олон улсын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсад зохион байгуулж буй “Даян Дэлхийн малчдын чуулган”-д дэлхийн 100 гаруй орны нүүдэлчид болон иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургууль, судалгааны байгууллагын 240 орчим зочин, Монгол Улсын 100 гаруй малчид оролцож байна. Тэд бэлчээрийн тогтвортой менежмент, нүүдлийн мал аж ахуйн ирээдүй, малчдын оролцоо, мэдлэг, туршлагыг олон улсын түвшинд сурталчлан таниулах асуудлаар санал солилцож байна.
Чуулганы нэгдсэн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын орлогч, Мал аж ахуй, малын эрүүл мэндийн хэлтсийн захирал Тханават Тиенсин, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн нар оролцож, үг хэлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ уг арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн малчид, бодлого боловсруулагчид, судлаачид болон олон улсын байгууллагын төлөөллийг нэг дор цуглуулж, бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт, хүнс, усны аюулгүй байдал зэрэг харилцан уялдаатай сорилтыг хэлэлцэх чухал талбар болж байгааг онцлов.
Эл чуулганаас батлахаар төлөвлөж буй “Малчдын тунхаглал”, “Эмэгтэй малчдын тунхаглал”, “Залуу малчдын тунхаглал” нь малчид, түүний дотор эмэгтэйчүүд, залуусын дуу хоолойг олон улсын бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэхэд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Сайд Б.Батцэцэг манай улсад гурав хоногийн дараа эхлэх гэж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг даргалах явцдаа бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлыг хангах, малчдын ахуй, оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаарх яриа хэлэлцүүлэгт анхаарал хандуулж байх болно гэв.






Нийгэм




