БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод "Хэвлэл мэдээллийн хариуцлага: Хоёр ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх нь" сэдвийн дор Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 16 дугаар форум амжилттай зохион байгуулагдлаа. Уг форумд хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын 120 гаруй төлөөлөгч, зочид оролцож, хоёр орны ард түмний найрамдалт харилцааг гүнзгийрүүлэхэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг, хариуцлагын талаар хэлэлцэв.
Энэхүү форумыг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо (中国记协) болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ) хамтран зохион байгуулж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хариуцан ажилласан байна.
Форумын үеэр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Удирдах намын гишүүдийн бүлгийн нарийн бичгийн дарга Цүй Шихэнь хэлсэн үгэндээ, Хятад, Монгол хоёр улс нь уул усаараа холбогдсон мөнхийн хөршүүд болохыг тэмдэглээд, энэхүү форум нь арав гаруй жилийн хугацаанд хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын яриа хэлэлцээний чухал платформ болон хөгжсөнийг онцоллоо. Тэрээр олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд хоёр орны ард түмний харилцааг тасралтгүй үргэлжлүүлж, найрамдлын суурийг бэхжүүлэх нь чухал байгааг дурдсан юм.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Лувсандашийн Нинжжамц форумд тавьсан илтгэлдээ, Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, улс төр, эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл зэрэг олон салбарт хамтын ажиллагаа өргөжиж буйг онцлов. Мөн тэрээр хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа урт хугацааны түүхтэйг дурдаад, Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг болон Синхуа агентлаг хоорондын хамтын ажиллагаа түүхт 70 шахам жилийн турш тасралтгүй үргэлжилж буйг нэгэн чухал жишээ болгон дурдлаа.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн төлөөлөгч Гандэлгэрийн Сайнжаргал форумын үеэр өгсөн ярилцлагадаа, Монголын цахим хэрэглэгчид болон уншигчид БНХАУ-ын технологийн хөгжил, хиймэл оюун ухаан болон шинэ эрчим хүчний автомашины салбарын мэдээллийг өндөр сэтгэгдэлтэйгээр, сонирхон хүлээж авдаг талаар онцолсон байна.
Форумын хүрээнд хоёр орны холбогдох орон нутаг болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурж, “Хятад-Монголын найрамдалт хэвлэл мэдээллийн бүтээлүүд-2026” үзэсгэлэн, нэвтрүүлгийн хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.
Форум өндөрлөсний дараа Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Сычуань мужид танилцах аялал хийж, бүтээн байгуулалттай танилцах юм.
ТАТАР МАЙДАР


)




Нийгэм




