“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд таниулах сургалт, өдөрлөг Баянхонгор аймагт үргэлжилж байна.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут иргэдтэй хийсэн уулзалтын үеэр цэргийн албыг дүйцүүлэн хаах журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Уг өөрчлөлтийг хэрэгжүүлснээр алслагдсан бүс, орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлээр 3 жил очиж ажиллавал цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцох юм.
Тухайлбал, Баянхонгор аймагт 117 төрийн албан хаагчийн орон тоо дутагдалтай байгаагаас 20 суманд 6 төрлийн хичээл заах 26 багш, 8 төрлийн мэргэжлийн 67 эмч шаардлагатай байна.
Иймд цэргийн албыг дүйцүүлэн хаах хэлбэрийг орон нутгийн бодит хэрэгцээтэй уялдуулан шинэчлэх нь боловсрол, эрүүл мэнд болон төрийн бусад үйлчилгээний хүний нөөцийн дутагдлыг нөхөх нэг боломж болохыг Батлан хамгаалахын сайд Д.Батлут онцоллоо.
Сургалт, өдөрлөгт Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батсуурь, аймгийн Засаг дарга Э.Энхбат, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, алба хаагчид, Баянхонгор аймгийн иргэд оролцож байна.
Өдөрлөгийн хүрээнд Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийн үзлэг, оношилгоо, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа үйлчилгээ, зэвсэглэл, техникийн үзэсгэлэн, Чөлөөлөх дайны түүхэн ач холбогдлын талаарх илтгэл, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
АДМИН







Нийгэм





