Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хамт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтийг нь сонсож, цаашдын хөгжлийн бодлого, шийдлийн талаар ярилцаж, сонирхсон асуултад нь нээлттэй хариуллаа.
“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын хүрээнд нийслэлийн удирдлагууд есөн дүүргийн иргэдтэй уулзаж, тухайн орон нутагт тулгамдаж буй асуудлыг газар дээр нь сонсон, шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй хамтран ажиллах юм. Энэхүү уулзалт Багануур дүүргээс эхэллээ.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хотын даргын хувьд Багануур дүүргийн хөгжлийн асуудалд маш тодорхой байр суурьтай ажиллана. Хүнгүй газар хөрөнгө оруулалт хийхгүй. Харин хүн ам нь өсөн нэмэгдэж буй, дэд бүтэцтэй, цаашид 100 мянган хүн амьдрах боломжтой Багануур, Багахангай, Налайх дүүрэгт гол анхаарлаа хандуулж, Улаанбаатар хотыг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ. 2027 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар Багануур руу чиглэсэн 1.2 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөнө. Мөн Багануурын хүрэн нүүрсний ордыг түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай “Нүүрс пиролизийн үйлдвэр” байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэхээс гадна 450 шинэ ажлын байр бий болж, жил бүр гадагш гардаг 350 тэрбум төгрөгийг эх орондоо үлдээх боломж бүрдэнэ” гэв.
Багануур дүүргийн иргэдийн орон сууц, ипотекийн зээлийн хүртээмж, цалин хөлс, боловсрол, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлуудыг уулзалтын үеэр түлхүү хөндлөө.
Тухайлбал, дүүргийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамруулах боломжийг нээж өгөх, ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүүхдийн зуслангийн засвар, шинэчлэлийг хийх, нүүрсээр галладаг сургуулиудын асуудлыг шийдвэрлэж, хүүхдүүдийн сурч, хөгжих орчныг сайжруулах шаардлагатайг эцэг, эхчүүд болон иргэд онцоллоо.
Ахмад настнуудын зүгээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, ахмадуудад чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг сайжруулахтай холбоотой санал, хүсэлтийг мөн илэрхийлсэн юм.













АДМИН
)




Нийгэм





