Dark Light
Нийгэм | 2026-09-09

БААВГАЙТАЙ ТААРВАЛ: ГҮЙЖ БОЛОХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ онд зарим бүс нутагт хуш модны самрын гарц муу байгаагаас хүрэн баавгайн байгалийн идэш тэжээл хомсдож, сумын төв, суурьшлын бүс, айл өрх, малчны хот орчимд хоол тэжээл хайж орж ирэх эрсдэл нэмэгдэж байна.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
  • Хоол хүнс, малын тэжээл, хог хаягдал, мах, загас, нядалгааны үлдэгдэл болон малын сэг зэмийг ил задгай орхихгүй, битүү, бат бөх саванд хадгалж, зохих журмын дагуу зайлуулна.
  • Баавгай үзэгдсэн, мөр нь илэрсэн газарт ганцаараа зорчихгүй, хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй, өглөө эрт, орой бүрэнхий болон шөнийн цагаар онцгой сэрэмжтэй байна.
  • Ой, өтгөн бут, голын шугуйгаар явахдаа үе үе дуу чимээ гаргаж, баавгайг гэнэт цочоохоос сэргийлнэ.
  • Бамбаруушид ойртохгүй. Эх баавгай ойролцоо байх магадлал өндөр тул тухайн газраас нэн даруй тайван холдоно.
БААВГАЙТАЙ ТААРСАН БОЛ
  • Гүйж болохгүй. Тайван байж, хүүхдээ дэргэдээ авч, баавгайд гарах зай үлдээн аажмаар ухарна.
  • Баавгай таныг анзаараагүй бол чимээгүйхэн замаа өөрчилж, ирсэн чиглэл рүүгээ аажмаар холдоно.
  • Баавгай таныг анзаарсан бол намуухан, тогтуун дуугаар ярьж хүн яваа гэдгээ мэдэгдэж, нуруугаа бүрэн харуулахгүй, нүд рүү нь удаан ширтэхгүй.
  • Ойртож зураг, бичлэг хийх, хоол өгөх, чулуу шидэх, машин, мотоцикл, морь болон нохойгоор хөөхгүй.
  • Бамбарууш болон эх баавгайн дундуур орохгүй, баавгайн зугтах замыг хаахгүй.
  • Аялагч иргэд, судлаачид хээр аялахдаа ан агнуурын дэлгүүрүүдэд худалдаалагддаг баавгай болон зэрлэг амьтдаас хамгаалах 99%-ийн чинжүүний концентрат бүхий зориулалтын шүршигч /Веаr spray/ авч явж шаардлагатай тохиолдолд зааврын дагуу ашиглаж байх.
ХЭРЭВ БААВГАЙ ДОВТОЛБОЛ
  • Гэнэт цочсон, бамбарууш эсвэл идэш тэжээлээ хамгаалсан шинжтэй довтолгооны үед аль болох хурдан биеэ хамгаалах арга хэмжээ авах.
  • Харин баавгай удаан мөшгөсөн, шөнө гэр, майхан, барилга руу нэвтэрсэн, унагаасан ч дайрсаар байгаа бол үхсэн мэт хэвтэхгүй; боломжтой бүх хэрэгслээр нүүр, хамар орчимд нь эсэргүүцэл үзүүлж, машин эсвэл барилга зэрэг найдвартай хоргодох газарт орно.
  • Баавгай холдсоныг сайтар нягталсны дараа аюулгүй газарт шилжиж, гэмтсэн бол яаралтай эмнэлгийн тусламж авна.
МЭДЭЭЛЭХ БА ОРОН НУТГИЙН АРГА ХЭМЖЭЭ
  • Баавгай үзэгдсэн газар, цаг, хөдөлгөөний чиглэл, мөр болон учруулсан хохирлын талаар аюулгүй зайнаас зураг, байршлын мэдээлэл тэмдэглэж, сумын Засаг даргын Тамгын газар, байгаль орчны байгууллага, байгаль хамгаалагчид нэн даруй мэдээлнэ.
  • Орон нутгийн байгууллага эрсдэлтэй бүсэд эргүүл, хяналт зохион байгуулж, анхааруулах тэмдэг байрлуулах, шаардлагатай өрхийг түр нүүлгэн шилжүүлэх, хог болон сэг зэмийн эх үүсвэрийг шуурхай цэвэрлэх арга хэмжээ авна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19