Монголчуудын таргалалт олон улсын түвшингээс давсан байна
Улаанбаатар хот. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) болон олон улсын хоол тэжээлийн судалгааны байгууллагуудын нэгдсэн тайлангаар Монгол Улс дахь илүүдэл жин, таргалалтын түвшин олон улсын дунджаас давж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгааг анхааруулж байна. Манай улсын насанд хүрсэн хүн амын 25.1 хувь нь албан ёсоор таргалалттай гэсэн ангилалд багтаж байгаа бөгөөд энэ нь дэлхийн бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлтэд тооцогдох болов.
Олон улсын «Global Obesity Observatory»-оос гаргасан улс орнуудын таргалалтын харьцуулсан жагсаалттай манай улсын үзүүлэлтийг жишин харвал дараах дүр зураг гарлаа:
Насанд хүрэгчдийн таргалалтын түвшин (Олон улсын харьцуулалт, хувиар):
- АНУ: 40.0%
- Мексик: 36.1%
- Шинэ Зеланд: 32.2%
- Австрали: 30.4%
- МОНГОЛ УЛС: 25.1%
- Герман: 23.6%
- Колумб: 18.7%
- Франц: 17.0%
- Өмнөд Солонгос: 5.9%
- Япон: 4.0%]
Монгол Улс таргалалтын түвшнээрээ Герман, Франц зэрэг барууны өндөр хөгжилтэй орнуудыг ардаа орхиж, Канад улсын (26.3%) хэмжээнд дөхөж очжээ. Хүйсээр нь ангилж үзвэл манай улсын насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 26.5 хувь, эрчүүдийн 20.9 хувь нь таргалалттай байна.
Хэвлийн таргалалт аюултай түвшинд хүрчээ
Судалгаагаар зөвхөн клиник таргалалтаас гадна жингийн илүүдэлтэй хүмүүсийг нийтэд нь тооцвол насанд хүрэгчдийн 59.9 хувь буюу 10 хүн тутмын 6 нь ийм оноштой байгаа юм. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр залуучууд 25 наснаас эхлэн эрчимтэй жин нэмж байгаа бөгөөд 35-аас дээш насныхны дунд төвийн буюу хэвлийн таргалалт маш өндөр хувьтай байна. Хэвлийн таргалалт нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, хорт хавдар зэрэг халдварт бус өвчний суурь шалтгаан болж буйг мэргэжилтнүүд онцоллоо.
Хүүхдийн таргалалт хурдацтай өсөж байна
Хамгийн сэтгэл түгшээсэн асуудал нь хүүхэд, өсвөр үеийнхний дундах жингийн өсөлт юм. Манай улсын 5 хүртэлх насны хүүхдүүдийн 10.5 хувь нь илүүдэл жинтэй байгаа нь Азийн бүсийн дунджаас (8.9%) өндөр гэсэн үг. Өсвөр насандаа илүүдэл жинтэй байсан дөрвөн хүүхэд тутмын нэг нь насанд хүрээд таргалалттай хэвээр үлддэг бөгөөд үүнд сургуулийн орчин дахь чихэр, давс, тос ихтэй бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ, хөдөлгөөний дутагдал шууд нөлөөлдөг аж.
Эрүүл мэндийн байгууллагуудаас иргэдийг хоол хүнсэндээ ислэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх, чихэрлэг ундаанаас татгалзах, өдөрт тогтмол идэвхтэй хөдөлгөөн хийж «чимээгүй тахал» гэгдэх таргалалтаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




