Монгол, Азербайжан хоёр улсын хооронд агаарын харилцаа тогтоох эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг Азербайжаны парламентын Олон улсын харилцаа, парламент хоорондын харилцааны хорооны хуралдаанаар хэлэлцжээ.
Хурлаар “Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-ийг батлах хуулийн төслийг хэлэлцсэн байна. Уг хэлэлцээрийг 2026 оны тавдугаар сарын 6-нд Германы Лейпциг хотод байгуулжээ.
Хэлэлцээрийн дагуу Азербайжаны томилогдсон агаарын тээвэрлэгчид Баку, Ганжа, Нахчыван, Ланкаран, Габала, Загатала хотоос Улаанбаатар, Ховд, Чойбалсан руу нислэг үйлдэх боломжтой болох юм. Монголын агаарын тээврийн компаниуд ч эдгээр зургаан хот руу нислэг үйлдэх эрхтэй болно.
Мөн талууд нэг болон түүнээс олон агаарын тээвэрлэгч томилох боломжтой бөгөөд код хуваалцах болон суудлын багц хуваарилах хэлбэрээр хамтран ажиллахыг зөвшөөрөхөөр тусгажээ.
Зун, өвлийн нислэгийн хөтөлбөрийг нислэг эхлэхээс дор хаяж 45 хоногийн өмнө нөгөө талын нисэхийн байгууллагад хүргүүлэх бөгөөд холбогдох байгууллага 20 хоногийн дотор шийдвэр гаргах юм.
Түүнчлэн тасалбарын үнийг үндэслэлтэй түвшинд тогтоох, зорчигчдыг зохиомлоор өсгөсөн үнээс, агаарын тээвэрлэгчдийг төрийн татаасаар хэт бууруулсан үнээс хамгаалах зохицуулалт тусгажээ.
Олон улсын нислэгт ашиглах агаарын хөлөг, түлш тосолгооны материал, сэлбэг хэрэгсэл болон онгоцны хангамжийг тодорхой нөхцөлөөр гаалийн татвар, бусад төлбөрөөс чөлөөлөхөөр мөн тусгасан байна.
Хэлэлцээр хоёр тал дотоодын шаардлагатай бүх журмаа дуусгаснаа нотолсон сүүлийн бичгээр мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөр болно.







Нийгэм




