Завхан аймгийн Тэлмэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Гантөмөр, Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Б.Дамдинсүрэн нар 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд ажиллаж байхдаа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Нам хавтгай гэх газарт гарсан ой, хээрийн түймрийг илрүүлж, орон нутгийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад даруй мэдэгдэн, шуурхай арга хэмжээ авч түймрийг цурамд оруулж, унтраасан байна.
Түймэр гарсан газар нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг бөгөөд Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газарт хамаардаг.
Урьдчилсан байдлаар түймэрт 12.7 орчим га талбай өртсөнөөс 10 орчим хувь нь ойгоор бүрхэгдсэн талбай байна.
Түймэр унтраах ажиллагаанд нутгийн 30 гаруй иргэн, Цэцэрлэг сумын засаг даргын тамгын газар, Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, “Тэсийн-Илч” ХК-ийн албан хаагчид хамтран оролцож, түймрийг цурамд оруулан, дахин асахаас сэргийлэх хяналтыг үргэлжлүүлэн хийж байна.
Түймрийг эрт илрүүлсэн нь гал цааш тархаж, илүү өргөн талбайг хамрахаас сэргийлэх боломж бүрдүүлсэн юм.
Энэ удаагийн тохиолдол нь урьдчилан сэргийлэх хяналт зөвхөн зөрчил илрүүлэхэд бус, байгаль орчинд учирч болзошгүй эрсдэлийг эрт олж тогтоох, хохирлыг нэмэгдэхээс өмнө арга хэмжээ авахад чиглэдгийн бодит жишээ юм.
Намрын хуурайшилтын үед багахан оч, ил задгай орхисон гал богино хугацаанд ой, хээрийн түймэр болон тархах эрсдэлтэй.
Тиймээс иргэн бүр ой, хээрт зорчихдоо галын аюулгүй байдлыг сахиж, гал түймэр үүсгэх эрсдэлтэй үйлдлээс сэрэмжтэй байхыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас анхааруулж байна.
АДМИН







Нийгэм




