Казахстан улс байнгын оршин суух зөвшөөрөл хүсэгчдээс казах хэлний шалгалт заавал авахаар боллоо
Казахстан улсад түүхэн эх орондоо эргэн ирж буй казах угсаатнууд буюу "кандас" болон тус улсад байнгын оршин суух зөвшөөрөл хүсэж буй гадаадын иргэдийн өгөх казах хэлний шалгалтын нөхцөлийг тус улсын Хөдөлмөрийн яамнаас албан ёсоор танилцууллаа. Энэхүү хэлний шалгалт нь тухайн иргэний миграцын чадамжийг үнэлэх заавал өгөх ёстой үндсэн шалгууруудын нэг болж байна.
Шалгалт нь цахим хэлбэрээр явагдах бөгөөд сонсох болон унших чадварыг сорьсон нийт 60 даалгавраас бүрдэнэ. Шалгалтын үргэлжлэх хугацаа 1 цаг 10 минут байх бөгөөд асуултууд нь хэт хүндрүүлсэн бус, өдөр тутмын амьдралд тохиолддог нөхцөл байдалд тулгуурласан байна. Гол зорилго нь тухайн иргэн казах хэлээрх яриаг сонсоод хэр зэрэг ойлгож буй болон бичвэр уншаад мэдээлэл хүлээж авах чадвартай эсэхийг магадлах явдал юм.
Шалгуулагчид блок тус бүрээс хамгийн багадаа 70 хувийн үнэлгээ авах ёстой бөгөөд хэрэв босго оноондоо хүрээгүй бол 30 хоногийн дотор хамгийн ихдээ хоёр удаа дахин өгөх эрхтэй. Гэхдээ дахин өгөх оролдлого тус бүрийн төлбөрийг тусад нь төлөх зохицуулалттай байдаг байна. Шалгалтыг зайнаас хянах прокторинг системээр авах тул шалгуулагчид камер, микрофон болон интернетийн тогтвортой байдлаа урьдчилан шалгах шаардлагатай бөгөөд хариу нь ажлын 3 өдөрт багтан гарна.
Хөдөлмөрийн яам сүүлийн үед гадаадын иргэдэд оршин суух зөвшөөрөл олгох үйл явцыг чангатгаж, "цахим скоринг" буюу иргэдийн төлбөрийн чадвар, найдвартай байдлыг автомат системээр шалгадаг болсон байна. Үүнд хэлний мэдлэгээс гадна гэр бүлийн бүрэлдэхүүн, боловсрол, ажлын туршлага, нарийн мэргэшил, эрүүл мэндийн байдал болон Казахстанд байгаа төрөл төрөгсдийг нь хүртэл харгалзан үздэг болжээ.
Үүнээс гадна байнгын оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд тавигдаж буй өөр нэгэн томоохон өөрчлөлт нь Зүүн Казахстан, Костанай, Павлодар эсвэл Хойд Казахстаны мужуудад нэгээс доошгүй жил амьдарсан байх шаардлага юм. Энэ нь Астана болон Алматы зэрэг томоохон хотууд цагаачдад үндсэндээ хаалттай болж буйг илтгэж байна. Гэхдээ энэхүү бүс нутгийн хязгаарлалт нь насанд хүрээгүй иргэд, хөрөнгө оруулагчид, тус улсад нэн шаардлагатай мэргэжилтнүүд болон эдийн засагт нь чухал хувь нэмэр оруулж буй хүмүүст хамаарахгүй бөгөөд тэдгээр иргэд томоохон хотуудад суурьших боломжтой хэвээр үлдэх ажээ.
ТАТАР МАЙДАР






Нийгэм




