Японд үйлдвэрийн ослоор 20 настай Монгол дадлагажигч залуу харамсалтайгаар амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотод байрлах дайрга, буталсан чулууны үйлдвэрт ажиллаж байсан 20 настай Монгол улсын иргэн үйлдвэрийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мужийн цагдаагийн газраас есдүгээр сарын 11-ний өдөр хохирогчийн биеийн байцаалтыг албан ёсоор тогтоож, мэдээлсэн байна.
Ослоос үүдсэн нөхцөл байдал:
Цагдаа болон онцгой байдлын албаны мэдээлснээр, осол есдүгээр сарын 7-ны өдрийн өглөөний 11:30 цагийн орчимд Күрэ хотын Хиро-мачид байрлах “Каисэй Кэнсэцү” (Kaisei Construction) компанийн Оохиро дайрганы үйлдвэрт гарсан байна. Үйлдвэрийн туузан дамжуулагчид (белт конвейер) хүн хавчуулагдсан байна гэх дуудлага ирж, аврагчид очиход хохирогч газар дээрээ аль хэдийн нас барсан байсан гэж TBS NEWS DIG дамжууллаа.
Хохирогчийн мэдээлэл болон ослын шалтгаан:
Цагдаагийн байгууллагаас амь насаа алдсан залууг Монгол улсын харьяат, ур чадварын дадлагажигч (Technical Intern Trainee) Бадамцэцэгийн Даваасүрэн (20 настай) болохыг тогтоосон байна хэмээн yahoo.co.jp бичсэн байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүний үхлийн шалтгаан нь тархины бяцрал (brain contusion) гэж гарсан аж.
Осол гарах үед Б.Даваасүрэн нь туузан дамжуулагч механизмын хажууд хуримтлагдсан элс, шороог хүрзээр цэвэрлэх ажил гүйцэтгэж байгаад механизмын эргэлдэгч ролик (гол)-т татагдан орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Тухайн үед түүний хажууд өөр ажилтан байгаагүй бөгөөд цагдаагийн газраас үйлдвэрийн удирдлагууд болон холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрхэн мөрдүүлж байсныг нарийвчлан шалгаж эхэлжээ.
Үйлдвэрийн аюулгүй ажиллагаа болон гадаад ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийн асуудал Японд хурцаар тавигдаж буй энэ үед уг харамсалтай хэрэг гарсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна
ТАТАР МАЙДАР







Нийгэм




