Zogii сүүлийн үед Монголын цахим орчинд түгээд байгаа 成龙老祖宗 是成吉思汗 буюу "Жеки Чаны өвөг дээдэс нь Чингис хаан" хэмээх гарчигтай 1998 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Сингапурын 联合晚报 ("Lianhe Wanbao") сонинд гарсан хайчилбарын мэдээллийг тодруулсанаа хүргэж байна.
Энэхүү зураг нь 1998 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Сингапурын "Lianhe Wanbao" сонины нүүр хуудас бөгөөд алдарт жүжигчин Жеки Чаны гарал үүсэл болон цусны бүлгийн тухай сонирхолтой нийтлэлийг харуулжээ. "Lianhe Wanbao" сонин нь 2021 оны 12 дугаар сард үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, өөр нэгэн томоохон сонин болох "Shin Min Daily News" (新明日报)-тэй нэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч тэдгээрийн түүхэн материалууд, тэр дундаа Жеки Чаны тухай дуулиан тарьсан энэхүү хуучин нийтлэлүүд Хятад, Тайвань, Сингапурын сошиал медиа сувгууд болон Facebook болон YouTube зэрэг платформуудын түүхэн сонин хайчилбарын сангуудад зураг хэлбэрээр өргөнөөр хадгалагдан үлдсэн нь энэ юм.
"Жеки Чаны өвөг дээдэс нь Чингис хаан: Ховор цусны бүлэгтэй тул халдварт өвчин тусахгүй" (成龙老祖宗 是成吉思汗) хэмээн том үсгээр бичжээ.
Чингис хааны удам уу?
Тухайн үед Жеки Чан Тайванийн нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа эмнэлгийн иж бүрэн шинжилгээнд орсон аж. Эмч нар түүнийг шинжлэн үзээд эртний Монголын Их Чингис хааны (成吉思汗) шууд бус цусан төрлийн холбоотой байх өндөр магадлалтай гэж үзсэн тухай сонинд дурджээ.
Цусны бүлгийн онцлог: Түүнийг дэлхийд маш ховор тохиолддог "AB" сөрөг (Rh-) бүлгийн цустай болохыг тогтоосон байна. Эмчийн хэлснээр энэхүү цусны бүлэг нь өөртөө байгалийн хүчтэй дархлаа, эсэргүүцэгчийг агуулдаг тул зарим төрлийн халдварт өвчин тусах эрсдэлгүй, өвддөггүй онцлогтой хэмээн тайлбарласан аж.
Нийтлэлийн доод хэсэгт Жеки Чан Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр "Чингис хаан" (想拍《成吉思汗》) хэмээх түүхэн том хэмжээний уран сайхны кино бүтээх асар их хүсэл эрмэлзэлтэй байгаагаа хуваалцаж байсан тухай дурджээ.
Зургийн баруун дээд буланд Чингис хааны хөрөг болон Жеки Чаны зургийг зэрэгцүүлэн тавьж, "Жүжигчин Чингис хаантай адилхан харагдаж байна уу?" гэсэн асуулт тавьсан байна.
Жеки Чаны гэр бүлийн жинхэнэ түүх сонинд гарсан шигээ Чингис хаантай бус, харин Хятадын Анхуй мужаас гаралтай "Фан" (房) овгийнхонтой холбогддог болох нь хожим батлагдсан байдаг. Түүний эцэг нь Дэлхийн II дайны үед тагнуулч байсан бөгөөд хожим Хонконг руу дүрвэхдээ овгоо "Чан" болгон өөрчилсөн байсан тул Жеки Чан өөрөө ч насанд хүрсэн хойноо жинхэнэ угийн бичгээ олж мэдсэн байдаг.
Алдарт жүжигчин Жеки Чаны амьдралын хамгийн том нууцыг дэлгэсэн "Лууны мөрөөр: Жеки Чан ба түүний гээгдсэн гэр бүл" (Traces of a Dragon: Jackie Chan and His Lost Family) баримтат киног Хонконгийн нэрт найруулагч Мэйбл Чун (Mabel Cheung) 2003 онд бүтээсэн бөгөөд Жеки Чаны өөрөө ч мэддэггүй байсан, яг л тулаант кино шиг эцэг эхийнх нь нууц амьдралыг илчилсэн юм.
Жеки Чан Хонконгт өсөхдөө эцэг Чарльз Чан (Charles Chan), эх Ли-Ли (Lee-Lee) нарыг ердийн нэг элчин сайдын яамны тогооч, гэрийн үйлчлэгч хийдэг эгэл боргил хүмүүс гэж бодож байжээ. Гэвч 1999 оноос түүний аав нь хүнд өвчтэй байсан эхнэрийнхээ өмнөөс үнэнийг хүүдээ хэлснээр энэхүү баримтат киног бүтээх сэдэл төрсөн байна. Түүний эцэг эхийн амьдрал нь түүний тоглосон киноноос ч илүү адал явдалаар дүүрэн байжээ.
Тагнуулч аав: Түүний аавын жинхэнэ нэрийг Фан Даолун (Fang Daolong) гэдэг. Тэрээр Хятадын иргэний дайны үед Гоминданы (Үндэсний үзэлтнүүдийн) нууц тагнуулч, зэвсэгт дайчин байснаас гадна Шанхайн мафийн толгойлогчдын нэг байжээ. Хамгийн хачирхалтай нь тэрээр Хятадын удирдагч Чан Кайшигийн тусгай тушаалаар хүн хөнөөх үүрэг хүлээдэг байсан гэнэ.
Хууль бус наймаачин ээж: Түүний ээж Ли-Ли Чан нь залуудаа Шанхайн гэмт хэргийн ертөнцөд "Гуравдугаар эгч" гэж алдаршсан, опиум (хар тамхи) хууль бусаар тээвэрлэгч, цуутай мөрийтэй тоглогч байжээ.
Тэд хэрхэн танилцсан бэ?: Тэдний танилцсан түүх бүр ч хачирхалтай. Аав Фан Даолун нь тагнуулчийн хувиар хар тамхины бүлэглэлийг баривчлах үедээ Ли-Лиг опиум хил давуулах гэж байхад нь баривчилж байжээ. Гэвч дайнд нөхөр, хүүхдээ алдсан хөөрхий бүсгүйг өрөвдөн суллаж явуулснаар тэдний хайрын түүх эхэлж, хожим гэрлэсэн байна.
Гээгдсэн ах, эгч нар: Жеки Чан өөрийгөө айлын ганц хүү гэж бодож явсан ч Хятадад түүний аавынх нь хоёр хүү (Шидэ, Шисэн), ээжийнх нь хоёр охин гээд нийт 4 цусан төрлийн ах, эгч байдгийг энэ киноны үеэр олж мэдэн, уулзсан байдаг.
Жинхэнэ овог: Жеки Чаны жинхэнэ овог нь "Чан" биш, харин "Фан" (房 - Fang) юм. Киноны төгсгөлд түүний аав Хятад дахь угийн бичгээ шинэчлэн засаж, Жеки Чаныг "Фан Шилун" (Fang Shilong) хэмээх жинхэнэ нэрээр нь ургийн бичигтээ албан ёсоор бүртгэсэн гэнэ.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




