Олон улсын "Global Organized Crime Index 2025" буюу Дэлхийн зохион байгуулалттай гэмт хэргийн шинэчилсэн индексээр Монгол Улс гэмт хэргийн зах зээлийн үнэлгээгээр дэлхийн 193 орноос 152 дугаар байранд жагсаж, харьцангуй тайван, эрсдэл багатай бүсэд тооцогдлоо.
Тайлангийн дүнгээс харахад Монгол Улс хөрш орнууд болон бүс нутгийн бусад улстай харьцуулахад зохион байгуулалттай гэмт хэргийн дарамт, хууль бус зах зээлийн нөлөө харьцангуй бага байгаа нь ажиглагдлаа. Тухайлбал, хойд хөрш ОХУ тус жагсаалтын 11 дүгээр байранд, урд хөрш БНХАУ 20 дугаар байранд эрэмбэлэгдсэн нь эдгээр томоохон гүрнүүдэд үндэстэн дамнасан гэмт хэргийн сүлжээ, сүүдрийн эдийн засгийн эрсдэл маш өндөр хэвээр байгааг харуулж байна. Мөн Төв Азийн бүс нутаг дахь гол түншүүдийн нэг болох Казахстан улс жагсаалтын 64 дүгээр байранд бичигдсэн нь Монгол Улсаас хавьгүй өндөр эрсдэлтэй орны тоонд багтсаныг илтгэж байгаа бөгөөд манай улс эдгээр гурван улсаас даруй хол тасархай буюу гэмт хэргийн индекс хамгийн бага хувьтай гарчээ.
.jpg)
Энэ жилийн индексийг Мексик, Мьянмар, Колумби улсууд тэргүүлж, дэлхийн хамгийн өндөр зохион байгуулалттай гэмт хэргийн зах зээлтэй орноор нэрлэгдсэн бол тэдний араас Иран, Нигери, Кени, Бразил зэрэг улсууд жагсжээ. Түүнчлэн дэлхийн томоохон гүрнүүд болох АНУ болон Франц улсууд 43 дугаар байранд орсон нь өндөр хөгжилтэй болон томоохон эдийн засгуудад ч зохион байгуулалттай гэмт хэргийн дарамт өндөр хэвээр байгааг харуулж байна. Харин Азийн орнуудаас Япон улс 150, БНСУ 159 дүгээр байранд орж, гэмт хэргийн зах зээлийн индекс хамгийн бага орнуудын тоонд багтсан аж.
Дэлхийн хэмжээнд Номхон далайн жижиг арал болох Науру улс 193 дугаар байранд буюу зохион байгуулалттай гэмт хэргийн зах зээл хамгийн хумигдмал, эрсдэлгүй орноор шалгарчээ. Энэхүү индекс нь улс орнуудын хууль сахиулах тогтолцоог бэхжүүлэх, үндэстэн дамнасан хууль бус сүлжээтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа ямар түвшинд байгааг харуулдаг чухал ач холбогдолтой платформ юм.
ТАТАР МАЙДАР






Нийгэм




