Dark Light
Нийгэм | 2026-09-16

Г.ДАМДИННЯМ: ХАЙГУУЛЫН САЛБАРЫГ СЭРГЭЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ШИНЭЧИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэн өнөөдөр /2026.09.16/ эхэллээ.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар оролцож, үг хэлснээр албан ёсоор эхлүүллээ.
Энэ жилийн арга хэмжээ “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй, глобал түншлэл” уриан дор зохион байгуулагдаж, уул уурхайн салбарын бодлого, хөрөнгө оруулалт, хайгуул, боловсруулалт, технологийн шинэчлэл, ногоон шилжилт, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж байна.
Нээлтийн үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уул уурхай, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх бодлогын чиглэлүүдийг танилцууллаа.
Тэрбээр уул уурхайн салбарын талаарх мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж, мэдээллийн дутмаг байдал нь иргэдийн эсэргүүцэл, улмаар хайгуулын салбарын идэвхжил буурахад нөлөөлж буйг тэмдэглэв.
Мөн 13 жил яригдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал УИХ-аар батлагдах шатанд хүрснийг мэдээлж, уг өөрчлөлтөөр хайгуулын салбарын хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны орчныг сайжруулах боломж бүрдэхийг онцоллоо.
Монгол Улс анх удаа чухал ашигт малтмалын жагсаалтаа гаргасан бөгөөд цаашид эрдэс баялгийг зөвхөн олборлон экспортлохоос илүүтэй дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримтална гэдгийг сайд илэрхийлэв.
Зэсийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд хоёр оронтой тоонд хүрсэн АМНАТ-ийг бууруулах бодлогын өөрчлөлт хийхээр ажиллаж байгааг мөн мэдээллээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой, ойлгомжтой болгоход анхаарна гэдгийг онцлов.
Газрын тосны салбарын эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд Газрын тосны тухай хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг мэдээллээ.
Ерөнхий сайд Н.Учрал “Mining Week & MinePro 2026”-д оролцож буй аж ахуйн нэгж, уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзаж, тэдний үйл ажиллагаа, техник, технологийн шинэ шийдэл, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хүчин чадалтай танилцлаа.
Үзэсгэлэнд уул уурхайн олборлолт, боловсруулалт, техник тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлт, дижитал технологи, автоматжуулалт, байгаль орчны шийдэл зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд оролцож байна.
Энэ нь салбарын төрийн бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийг аж ахуйн нэгжүүдийн бодит үйл ажиллагаа, технологийн хөгжилтэй уялдуулах, цаашдын хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох ач холбогдолтой юм.
“Mining Week & MinePro 2026” арга хэмжээ 9 дүгээр сарын 16–18-ны өдрүүдэд үргэлжилж, уул уурхайн салбарын бодлого, хөрөнгө оруулалт, технологи, үйлдвэрлэл, ногоон шилжилт болон олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр хуралдаан, уулзалт, үзэсгэлэн зохион байгуулагдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19