Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дүгээр албан даалгавраар хүрэн баавгай хүн, малд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл үүссэнтэй холбогдуулан аймаг, нийслэл, сумын Засаг дарга болон холбогдох байгууллагуудад шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэл өглөө.
Үүнд хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг 24 цагаар хүлээн авч бүртгэх, эрсдэлтэй бүсэд шуурхай баг ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүнс болон хог хаягдлыг ил задгай байршуулахгүй байх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Мөн баавгайн тархалт, хөдөлгөөнийг автомат камер, дрон ашиглан хянах, шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээ авах, зэрлэг амьтны эрүүл мэндийн хяналт, судалгааг эрчимжүүлэхээр заажээ.
Албан даалгаврын хэрэгжилтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хяналт тавьж ажиллах бөгөөд хэрэгжилтийн тайланг 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нэгтгэн гаргахаар тусгасан байна.
Аймгуудаас авсан мэдээллээр 2026 онд Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв аймгуудад 80 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа ба тухай бүр арга хэмжээг авч ажилласан.
Мөн нийтлэг тохиолдол нь самар, жимс зэрэг байгалийн тэжээлийн ургац муу байгаатай холбоотойгоор бамбарууш, бамбарууштай эм баавгай идэш тэжээл хайж суурьшлын бүс рүү ойртож байгааг дурсан байна.
Одоогийн нөхцөлд баавгайг ичээнд орох хүртэл хугацаанд эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг төлөвлөж, харин цаашид судалгааг хийж, урт хугацааны стратеги, төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлэхийг холбогдох газарт үүрэг болгов.
АДМИН





Нийгэм




