Dark Light
Нийгэм | 2026-09-20

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Бяруузанын Пүрэвдагва, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Баясгалангийн Ууганбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Нямдоржийн Наранбаатар нарын бүрэлдэхүүнтэй албаны баг Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Налайх Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл болон томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдалтай танилцаж, шаардлагатай зарим санхүүжилт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр болов.

Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал тус төвийн өдөр тутмын үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан байна. Тус эмнэлэг нь Налайх дүүргийн засаг захиргааны 8 хорооны 10 мянга гаруй өрхийн 390 орчим мянган иргэнд үйлчилдэг төдийгүй Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялж буй гадаад, дотоодын жуулчдад эмнэлгийн тусламж үзүүлдэг ач холбогдолтой объект юм.

Хотын дарга Бяруузанын Пүрэвдагва тус эмнэлэгт ажиллах үеэрээ дараах асуудлуудыг шийдвэрлэхээр тэмдэглэлд тусгалаа:

  • 100 жилийн түүхтэй тус эмнэлгийн ариутгал, угаалгын хэсгийн засвар шинэчлэлийг хийж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэх,

  • Хөдөө орон нутаг, алслагдсан бүсэд явах туулах чадвар сайтай хоёр автомашины асуудлыг төсөвт суулгах,

  • Эмнэлгийн дулааны 90 метр шугам сүлжээг солих санхүүжилтийг олгох, хоёр унтуулгын аппаратыг шийдвэрлэхээр судлах,

  • Дотрын тасгийн шинэчлэл болон диализын аппаратын хангамжид анхаарах.

Мөн хотын дарга нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдыг харилцаа, хандлагаа сайжруулж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийг уриалсан байна. Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгалын мэдээлснээр, “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аяны хүрээнд дүүргийн хэмжээнд 9800 вакцин хийхээс өнөөдрийн байдлаар 0-6 настай хүүхдүүдийн хамрагдалт 52 хувь, нийт вакцины хамрагдалт 50 хувьтай үргэлжилж байна.

зүүн гараас: Дашзэвэгийн Наянбаяр, Бяруузанын Пүрэвдагва

Үүний зэрэгцээ Налайх дүүргийн Засаг дарга Дашзэвэгийн Наянбаяр алслагдсан дүүрэгт ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхан болон төрийн албан хаагчдад ипотекийн зээл олгох, орон сууцны дэмжлэг үзүүлэх асуудлыг дээд шатанд уламжилж өгөхийг хүслээ.

Хотын дарга Б.Пүрэвдагва үргэлжлүүлэн Налайх дүүргийн 2, 5 дугаар хорооны орон сууцнуудын фасад засварын ажлын явцтай танилцаж, байрнууд дунд хүүхдийн тоглоомын талбай шинээр барих асуудлыг шийдвэрлэхээр болов. Түүнчлэн Улаанбаатар–Өндөрхаан чиглэлийн А0501 дугаартай авто замын төлбөр хураах цэг буюу Налайх дүүргийн 4 дүгээр хороонд Тэрэлж рүү зорчих хэсэгт байрлах постыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэж, холбогдох арга хэмжээг авахаар тогтлоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19