Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул гол дагуух Нисэх, Сонсголон орчмын 38.7 га талбайд үүссэн хууль бус хогийн цэгийн байршилд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Бяруузанын Пүрэвдагва ажиллалаа. Тэрээр ундны усны эх үүсвэр, байгаль орчныг бохирдуулж буй уг хогийн цэгийг шуурхай нүүлгэн шилжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгов.
Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хэлэхдээ: “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Туул голын ай сав газарт 2010 оноос хойш аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр барилгын хог хаягдлаа хаяж, нийт 1.1 сая тонн хог хуримтлагджээ. Энэ нь Газрын тухай, Эрүүл ахуйн тухай, Хог хаягдлын тухай, Усны тухай болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг ноцтой зөрчиж байна. Нийслэлийн 1.8 сая оршин суугчийн ундны эх үүсвэр, Туул голын экосистем дээр бий болсон энэхүү хууль бус хогийн цэгийг яаралтай зөөж, цэвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөрд үүрэг болгож байна. Мөн голын эрэг, хөрс болон ундны усны эх үүсвэрийн худгуудад мэргэжлийн байгууллагатай хамтран шинжилгээ хийж, нөхөн сэргээх, халдваргүйжүүлэх арга хэмжээг авна. Үүний дараа дахин хог асгуулахгүй байх үүднээс хашаа хайс байгуулж, камержуулна. Энд хог хаясан компаниудад хариуцлага тооцож, нүүлгэн шилжүүлэх зардлыг төлүүлж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Цаашид байгалийн сайхан тогтоцтой энэ газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна” хэмээн онцлов.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Цэдэндамбаагийн Баттөр нөхцөл байдлын талаар: “Дүүргийн зүгээс одоогоор найман камерыг суурилуулаад байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цемент, шохойн үйлдвэрүүдийн 60-70 хувь нь манай дүүргийн 20 дугаар хороонд байрладаг. Олон жилийн турш хяналтгүй байсны улмаас ААН-үүд голын бургасыг хогоор дарж сүйтгэн, хогийн цэгийн хүрээг тэлсээр ирсэн байна. Цаашид орон нутагт хяналт шалгалтын эрх зүйн боломжийг нээж өгөх шаардлагатай байна” гэлээ.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




