'Mongolian Momo King' үндсэн зоогийн газраа нээжээ
Гудамжны хоолны тэргээрээ Нью-Йорк хотын оршин суугчдыг байлдан дагуулж, хэдийнэ өөрийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчидтэй болсон "Mongolian Momo King" брэнд албан ёсны үндсэн зоогийн газраа Ийст Виллиж (East Village) дүүрэгт үүд хаалгыг нь нээлээ.
Тус газрыг үүсгэн байгуулагч, ахлах тогооч Хүрэлбаатар "Кай" Очир болон түүний гэргий Франка Каппелла нар хамтран ажиллуулж байгаа бөгөөд долоо хоногийн долоон өдөр тасралтгүй үйлчилж байна. Тэд ирсэн зочиддоо гараар чимхэж хийсэн халуун бууз (momo), өвөрмөц амт чанартай цуйван, уламжлалт хийцтэй сүүтэй цай, мөн өвлийн улиралд хонины дотор махаар хийсэн шөл зэрэг Нью-Йорк хотод маш ховорт тооцогдох жинхэнэ монгол уламжлалт зоогийг санал болгож буй юм.
"The New York Times" сонины онцлох шүүмж: Жинхэнэ амт гудамжны хүйтэн орчноос тав тухтай дулаан газар орж ирлээ
АНУ-ын хамгийн нөлөө бүхий "The New York Times" сонины хоол шүүмжлэгч 2026 оны 9 дүгээр сарын 17-ны дугаартаа тус газрын талаар тусгайлан онцолсон нийтлэл бичжээ. Шүүмжлэгч анх тус хоолны тэргийг (food cart) хайж олох гэж нэлээд сурагласан тухайгаа дурдсан байна. Тэрээр өмнө нь Вест Виллиж дэх алдартай "Joe's Pizza"-ны эсрэг талд байрлаж байхад нь амсаж үзсэн бөгөөд гудамжны хоолны буландаа тусгайлан багтаахаар хайж яваад олдоогүй гэнэ. Удалгүй Кай Очир хоолны тэргээ зогсоож, Ийст Виллижид албан ёсны зоогийн газар нээснийг мэдээд дараах сэтгэгдлийг үлдээжээ.
-
Ахиц дэвшил ба Амт: "Өөрийн дуртай тогооч нарыг хэрхэн өсөж хөгжихийг харах үнэхээр бахархмаар. Тэднийг анхнаас нь мэддэг байсны хувьд 'Би л анх олж нээсэн юм шүү дээ' гэсэн өмчирхөх, жаахан харамлах сэтгэл төрдөг ч өөрийн гэсэн дулаахан газартай болоод ямар гайхалтай зүйл бүтээж чадаж байгааг нь харах үнэхээр сэтгэл хөдөлгөм байна" хэмээн өндөр үнэлсэн байна.
-
Үлэмж том нөлөөлөл: Тус сонинд шүүмж нийтлэгдсэний дараа зоогийн газрыг зорих үйлчлүүлэгчдийн цуваа тасралтгүй үргэлжилж, бэлдсэн хоолны нөөц нь төсөөлснөөс харамгүй хурдан дуусаж, захиалгадаа дарагдсан байна. Тиймээс эздийнх нь зүгээс Инстаграм хуудсаараа дамжуулан "Нью-Йорк Таймс биднийг маш хүчтэй адис хүртээлээ, энэ бол бидэнд ирсэн том хувь тохиол юм" хэмээн талархлаа илэрхийлжээ.
"The Infatuation" болон "Edible Manhattan" сэтгүүлүүд юуг онцлов?
-
Өвөрмөц хооллолт ба Соёл: "Edible Manhattan" сэтгүүлд ахлах тогооч Кай Очирын хоол хийх арга барилыг өндрөөр үнэлжээ. Түүний хоолыг хэт их соус, халуун ногоогоор амтыг нь дарах биш, махны өөрийнх нь уламжлалт баялаг амт, үхэр, хонины махны цэвэр шүүслэг чанарыг гаргаж чаддаг хэмээн сайшаасан байна. Тусгайлан өвлийн улиралд гаргадаг хонины дотор махтай шөлийг "Нью-Йоркт өөр хаанаас ч олдохгүй жинхэнэ соёл" хэмээн тодорхойлжээ.
-
Хурганы махтай "Бургер": "The Infatuation New York"-ийн шүүмжлэгчид тэдний цэс дэх "Монгол хурганы махтай бургер"-ийг (Mutton/Lamb burger) онцолж, "Гаднах талх нь үнэхээр дээд зэргийн шаржигнасан (extra crispy), доторх хурганы мах нь маш шүүслэг, баялаг амттай амттан" гэж бичжээ.
.png)
Хэрэглэгчдийн үнэлгээ: Үлгэр жишээ 4.9 оноо
Yelp болон Google Review платформ дээр тус зоогийн газар нь 4.9 гэсэн маш өндөр үнэлгээг хадгалж байна.
Нью-Йорк хотод амьдардаг монголчууд өөрсдөө "Монгол хүн баталж байна, энэ бол Нью-Йорк хот дахий цорын ганц, жинхэнэ оригинал монгол амт мөн" гэсэн сэтгэгдлийг олноор үлдээжээ. Мөн орон нутгийн үйлчлүүлэгчид "Гараар чимхэж хийсэн бууз, цуйванг ийм боломжийн үнээр Нью-Йорк шиг хотод идэж байна гэдэг гайхалтай. Амт чанар нь яг л гэртээ хийсэн мэт дулаахан мэдрэмж төрүүлдэг" хэмээн 10/10 үнэлгээнүүдийг өгсөн байна.
Ийнхүү монгол үндэстний уламжлалт хоолны соёл АНУ-ын зүрх болсон Нью-Йорк хотын Ийст Виллижид өөрийн гэсэн тод өнгө төрхийг тамгалж, дэлхийн хоолны соёлд шинэ хуудас нэмж байна.
ТАТАР МАЙДАР





Нийгэм



