Dark Light
Нийгэм | 2026-10-13

БУРИАДУУД ТҮЛЭЭНИЙ МОДНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨД БААВГАЙГ БУРУУТГАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Буриад улсад энэ намар хүн бүрийн ярианы гол сэдэв нь баавгай болоод байна. Нийгмийн сүлжээ төдийгүй айл бүрийн гал тогоонд өрнөх хэлэлцүүлэг нь "Ойд ийм аюултай байхад хэн тийшээ зүглэж зүрхлэх вэ? Мод бэлтгэл зогсож, түлшний модны үнэ тэнгэрт хадах нь дамжиггүй" гэдэгт хүрээд байгаа юм. "Номер один" сонин энэ яриа үнэхээр ортой эсэхийг шалгахаар шийдэж, бодит байдал анхныхаас хамаагүй нарийн төвөгтэй болохыг олж мэджээ.

Тайгын эзэн суурин газар руу зүглэв

Эхлээд албаны эх сурвалжуудын баталж буй бодит баримтуудаас эхэлье. Бурприроднадзор байгууллагын мэдээлснээр 2026 онд баавгай хүмүүсийн оршин суух бүс рүү орж ирсэн тохиолдол 289 удаа бүртгэгджээ. Харьцуулбал, 2024 онд 36, 2025 онд 41 тохиолдол гарч байв. Бараг 7 дахин өссөн энэхүү үзүүлэлт нь зүгээр нэг статистикийн алдаа биш, сэтгэл түгшээсэн огцом үсрэлт юм.

Үүнийг дагаад баавгай хүн рүү халдсан тохиолдол ч нэмэгджээ. Сүүлийн хэдэн жилд нийт 6 халдлага гарсаны 3 нь хүний амь насыг авч одсон байна. Жил жилийн тоо баримтыг харвал байдал улам тодорхой болно: 2024 онд 1 халдлага, 2025 онд 0, харин 2026 он гарсаар бүхэл бүтэн 5 халдлага бүртгэгдсэн байна. Эдгээр 6 тохиолдол бүгд суурин газрын дотор биш, ойн гүнд гарчээ. Ийм асуудал зөвхөн Буриадаар тогтохгүй хөрш Иркутск муж, Красноярскийн хязгаар, Алтайн БНУ-д ч ижил түвшинд тулгарч, хүмүүс амиа алдан, ойд нэвтрэхийг хязгаарлаад байна.

Буриадын эрх баригчид харин шуурхай хариу арга хэмжээ авч байна. Оны эхнээс баавгайн тоо толгойг зохицуулах 275 шийдвэр гаргаж, 325 баавгайг агнажээ. Мөн 2026 оны 9 дүгээр сарын 7-ноос эхлэн баавгай агнасан анчдад олгох урамшууллыг 6 мянгаас 15 мянган рубль болгон 2 дахин гаруй өсгөв. Бурприроднадзороос ойд явахдаа багаар явах, харанхуйд явахгүй байх, жимсний бут, унасан модноос хол байх, хүнсний хог хаягдал үлдээхгүй байх зэрэг зааварчилгааг гаргаад байна.

Мод бэлтгэгчид рүү халдаагүй

Одоо харин иргэдийн дунд тархсан цуу ярианаас зөрж буй баримтуудыг авч үзье. Бид Бурприроднадзор байгууллагаас "Ойд түлшний мод бэлтгэхээр явж байсан хүмүүс рүү баавгай халдсан тохиолдол бий юу?" гэж шууд тодруулахад, тэд "Нэг ч тийм тохиолдол бүртгэгдээгүй" гэсэн албан ёсны хариулт өглөө.

Энэ нь мэдээж ойд аюул байхгүй гэсэн үг биш бөгөөд аюулгүй байдлын зааварчилгаа мод бэлтгэгчдэд ч хамаатай. Гэхдээ статистик баримтаар баавгайн аюул нь голдуу мөөг, жимс түүгчид болон жуулчдад тулгарч байгааг харуулж байна. Энэ нь маш чухал ялгаа юм. Учир нь айдас хүйдсээс болж мод бэлтгэгчид ойн руу явахаа больж, үүнээс үүдэн модны хомсдол үүсэж, үнэ өсөх шалтгаан одоогоор бүрдээгүй байна.

Нэг куб метр мод ямар үнэтэй байна вэ?

Бурятстат болон Эдийн засгийн яамнаас манай редакцад ирүүлсэн тоо баримтууд хоорондоо яв цав тохирч байна хэмээн "Номер один" сонины сэтгүүлч Наталия Грюнвальд бичжээ. Түүний мэдээлснээр:

  • 2023 оны 1 дүгээр сард Улаан-Үдэд 1 куб метр мод 2945.86 рубль байв.

  • 2026 оны 1 дүгээр сард үнэ 4506.83 рубль болж өсжээ.

  • 2026 оны 8 дугаар сард (хамгийн сүүлийн үеийн мэдээлэл) үнэ бага зэрэг буурч, 4294.17 рубль болсон байна.

Нийтдээ 3.5 жилийн хугацаанд үнэ 46 хувиар өсжээ. Буриадын Эдийн засгийн яамнаас мэдээлснээр тус яам түлшний үнийн хяналтыг шууд хариуцдаггүй тул хэрэглэгчийн үнийн индекс (ХҮИ)-ээр тооцон гаргадаг байна. Энэхүү үзүүлэлтээр Буриадын өөр өөр дүүргүүдэд үнэ ялгаатай байна. Жишээ нь, Северобайкальскт мод харьцангуй хямд буюу 3504.45 рубль байгаа бол Селенгинскт 3755.13 рубль бөгөөд оны эхнээс үнийн өсөлт бараг зогсжээ.

Албан ёсны статистикаар 2026 оны 8 дугаар сарын модны үнийг 2025 оны 8 дугаар сартай харьцуулахад хэрэглэгчийн үнийн индекс 115.12%-тай байна. Энэ нь яг энэ жил үнэ аномали байдлаар огцом хөөрөгдөөгүй, өмнөх жилүүдийн инфляцын трендийг дагаж байгааг баталж байна. 2020 оны тооллогоор Буриадын нийт өрхийн 45.2%, Улаан-Үд хотын 19.5% нь зуухны халаалт хэрэглэдэг тул модны үнэ иргэдийн амьжиргаанд маш эмзэг тусдаг нь ийм хардлага үүсэх гол хөрс болжээ.

Төрөөс үзүүлж буй дэмжлэг

Үнийн асуудал хөндөгдөж буй энэ үед Буриад улсын Нийгмийн хамгааллын яамнаас иргэдэд үзүүлдэг дэмжлэгийн механизмаа эргэн санууллаа. Төвлөрсөн халаалтгүй, гэр хороололд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөлмөрийн ахмад дайчид, ар талын ажилчид болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлүүдэд төрөөс жилийн түлшний нормын 50 хувийг нэг удаа нөхөн олговор хэлбэрээр олгодог.

Тус улсад нэг хүнд ногдох жилийн нормоор 12.6 куб метр мод, эсвэл 4.8 тонн нүүрс гэж тооцдог аж. 2026 оны 10-р сарын 1-нээс эхлэн Улаан-Үд хотод олгох модны нөхөн олговрыг 9582.30 рубль (өмнө нь 9464.68 рубль байсан) болгон нэмэгдүүлжээ. Энэ нь баавгайн довтолгооноос үүдэлтэй яаралтай арга хэмжээ биш, харин тарифын төлөвлөгөөт индексжүүлэлт юм.

Эцсийн дүн: Цуу яриа юу, бодит байдал уу?

Цуглуулсан бүх баримтыг нэгтгэн дүгнэвэл дүр зураг дараах байдалтай байна:

  1. Баавгайн аюул бол бодит үнэн: Ойд баавгайн тоо толгой эрс өсөж, хүмүүс рүү дайрах тохиолдол ихэссэн нь албаныхны баталж буй хөдөлшгүй факт тул сонор сэрэмжтэй байх нь зүй ёсны хэрэг.

  2. Үнийн өсөлттэй шууд холбоогүй: Өнөөдрийн байдлаар баавгайн идэвхжил модны үнэд нөлөөлсөн гэх ямар ч албан ёсны баримт алга. Монополын эсрэг газраас ямар нэгэн хуйвалдаан, зохиомол хомсдол илрүүлээгүй бөгөөд үнийн өсөлт сүүлийн 3-4 жилийн ердийн инфляцын хүрээнд явж байна.

Товчхондоо, баавгайнаас болж мод үнэд орлоо гэх иргэдийн яриа одоогоор тооны хэлээр батлагдаагүй байна. Гэвч энэ таамаглалыг бүрмөсөн үгүйсгэхэд эрт бөгөөд баавгайн улирал ид оргилдоо хүрсэн 9-өөс 11 дүгээр сарын үнийн албан ёсны статистик гарахад бүх зүйл эцэслэн тодорхой болох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10