Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо” ТББ, “Түмэн шувуут” ХК болон “Шим агро” ХХК хамтран сүүний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн бодлого, стратегийн чиглэлийг хэлэлцлээ.
Салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилготой Сүүний үхрийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулав.
Арга хэмжээний үеэр оролцогчид туршлага судлах аялалд хамрагдаж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь “Шим Агро” ХХК-ийн сүүний үхрийн ферм болон Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Агро фийд” тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Н.Бямбадорж, “Мал зүйч үржүүлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн, доктор Л.Эрхэмбаяр, гүйцэтгэх захирал Г.Дээшин, “Шим Агро” ХХК-ийн захирал Б.Мөнхцолмон, “Мон таримал” ХХК-ийн захирал Р.Цогтбуян, “Мэтагро” ХХК-ийн бизнес хөгжлийн захирал Б.Оргил, Монголын сүүний үхрийн аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн Г.Ганхуяг болон сүүний үхрийн аж ахуй эрхлэгч шилдэг 30 гаруй фермер, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцлоо.
Тус арга хэмжээний үеэр фермерийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл ”Сүүний үхрийн аж ахуйн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж”, “Сүүний үхрийн аж ахуйгаас мах үйлдвэрлэх боломж”, мөн “Сүүний үхрийн аж ахуйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвүүдээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү зөвлөгөөн нь сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэхэд мал үржил, генетикийн сайжруулалт, чанартай тэжээл, дэвшилтэт технологи, оновчтой менежментийн харилцан уялдаа чухал болохыг бодит жишээн дээр харуулсан арга хэмжээ боллоо. Мөн сүүний үхрийн аж ахуй эрхлэгчид, мэргэжлийн холбоод болон төрийн байгууллагуудыг нэг зорилгын дор нэгтгэж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ салбарын дэвшилтэт технологи, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдол үзүүлэв.
Зөвлөгөөнд оролцогчид салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, сүүний үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, сүүний салбарын цаашдын хөгжлийн тэргүүлэх чиглэл, хамтын ажиллагааны зорилтуудыг тодорхойлсон “Ногоон давааны тунхаг” бичгийг боловсруулан санал нэгтэй баталж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлэхээр тогтлоо.
АДМИН






Нийгэм




