Австралийн Дотоод хэргийн яамнаас Монгол болон Бразил улсын иргэдэд зориулсан "Work and Holiday" (Subclass 462) визний мэдүүлэг хүлээн авах ажиллагааг түр зогсоосон тухай мэдээлсэн билээ. Тус яамнаас уг шийдвэрийн талаар дараах нэмэлт тайлбарыг өгсөн байна.
-
Түр зогсолт (Pause) ба Бүрмөсөн хаах (Closure) ялгаа: Одоогийн байдлаар визний бүртгэлийг зөвхөн "түр зогсоосон" байгаа бөгөөд энэ нь виз бүрмөсөн хаагдсан гэсэн үг биш юм. Хэрэв визний квот бүрмөсөн хаагдвал дараагийн хөтөлбөрийн жил буюу ирэх оны 7 дугаар сарын 2-ныг хүртэл дахин ямар ч шинэ мэдүүлэг авахгүй. Харин түр зогсоосон тохиолдолд одоогийн хөтөлбөрийн жил дуусахаас өмнө хэдийд ч бүртгэл дахин нээгдэх боломжтой байдаг.
-
Яагаад түр зогсоосон бэ: Монгол Улсад олгосон жилийн 100 визний квот дүүрэх дөхөж байгаа тул бүртгэгдсэн материалын тоо хэмжээг нарийвчлан хянах, шалгах зорилгоор ийнхүү түр зогсоожээ.
-
Иргэдэд өгөх зөвлөгөө: Хөтөлбөрийн квотын төлөв байдал өөрчлөгдсөнөөс хойш цахим хуудсанд шинэчлэгдэж харагдахад 48 цаг хүртэл хугацаа шаардагддаг байна. Тиймээс виз мэдүүлэгчдийг тус яамны албан ёсны цахим хуудсыг тогтмол шалгаж байхыг зөвлөжээ.
-
Системийн хязгаарлалт: Энэхүү түр зогсолт идэвхтэй байх хугацаанд Монгол иргэд "ImmiAccount" порталаар дамжуулан визний материалаа илгээхийг оролдвол систем цааш нэвтрүүлэхгүй бөгөөд алдааны мэдээлэл (error message) харуулах болно.
ТАТАР МАЙДАР



Нийгэм




