Монгол Улсын түүхэнд аравдугаар сарын 20-ны өдөр онцгой байр суурь эзэлдэг. 1945 оны энэ өдөр Монголын ард түмэн тусгаар тогтнолоо баталгаажуулах бүх нийтийн санал хураалтад оролцож, эх орноо тусгаар улс хэвээр байлгах хүсэл зоригоо илэрхийлж байжээ.
Тухайн үед Монголын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх асуудал чухал сорилт болж байв. 1945 оны наймдугаар сарын 14-нд Зөвлөлт Холбоот Улс, Дундад Иргэн Улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Монголын ард түмэн тусгаар тогтнох хүсэл эрмэлзлээ санал хураалтаар баталсан тохиолдолд одоогийн хилээр нь хүлээн зөвшөөрөх нөхцөлийг тусгасан юм.
Үүний дагуу БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид 1945 оны есдүгээр сарын 21-нд бүх ард түмний санал хураалтыг аравдугаар сарын 20-нд улс орон даяар зохион байгуулах шийдвэр гаргажээ.
Санал хураалтад нийт 494,074 хүн бүртгэгдсэнээс 487,285 хүн буюу сонгогчдын 98.6 хувь нь оролцож, Монгол Улсын тусгаар тогтнолыг дэмжсэн байна. Санал хураалтыг 18 аймаг, Улаанбаатар хот төдийгүй цэргийн анги нэгтгэлүүд болон гадаадад сурч, ажиллаж байсан монголчууд ч оролцож байжээ.
Энэхүү санал хураалт нь Монголын ард түмэн тусгаар тогтнолоо хадгалан үлдэх хүсэл зоригоо илэрхийлсэн түүхэн үйл явдал байв. Улмаар 1946 оны нэгдүгээр сарын 5-нд Дундад Иргэн Улсын Засгийн газар Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн билээ.
Г.ГАНЦЭЦЭГ





Нийгэм



