Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund - GCF) Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс (UNDP) боловсруулсан төслийг дэмжиж, 23.1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэжээ.
Энэхүү санхүүжилт нь Монгол Улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан жил бүр учирдаг 10-15 сая долларын эдийн засгийн хохирол болон байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэх юм.
Дөрвөн аймгийн 130 мянган иргэн шууд үр ашиг хүртэнэ
Төслийн хүрээнд Монгол Улсын байгаль цаг уурын хамгийн эмзэг, алслагдсан баруун болон зүүн бүсийн дөрвөн аймгийн 26,000 орчим малчин өрх (130,000 иргэн) шууд үр ашиг хүртэх юм. Түүнчлэн шууд бус байдлаар 160,000 өрх буюу 800,000 иргэн хамрагдах бөгөөд энэ нь Монгол Улсын нийт хүн амын дөрөвний нэг хувийг хамарсан томоохон green өсөлт, ногоон сэргэлтийн хөрөнгө оруулалт болох аж.
Төслийн гол чиглэлүүд:
-
Ухаалаг технологи: Цаг уурын урьдчилсан мэдээ, дата мэдээллийг малчдын шийдвэр гаргалтад ашиглах системийг сайжруулах.
-
Байгаль хамгаалал: Дэгдсэн, элэгдсэн бэлчээр болон гол мөрний ай сав газруудыг нөхөн сэргээх.
-
Малчдын дэмжлэг: Усны эх үүсвэр, бэлчээрийн менежментийг боловсронгуй болгож, малчдын бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах сувгийг нээх.
Долоон жилийн хугацаатай стратегийн хөтөлбөр
Уг төсөл нь Монгол Улсын "Алсын хараа 2050", Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр болон Парисын хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүрэг амлалтуудтай шууд уялдаж байгаа юм.
Долоон жилийн хугацаанд хэрэгжих тус мега төслийг манай улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) тэргүүлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) гол түншээр хамтран ажиллахаар зохион байгуулалтыг хангаад байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм



