“Дулааны цахилгаан станц-3” (ДЦС-3)-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн барилга угсралт, гүйцэтгэлийн нийт өртөг урьдчилсан байдлаар 1.3-аас 1.5 тэрбум евро (ханшаар хөрвүүлбэл ойролцоогоор 1.4–1.6 тэрбум ам.доллар) орчим байхаар яригдаж байна.
Москва хотноо зохион байгуулагдсан "Российская энергетическая неделя" буюу Оросын эрчим хүчний долоо хоног чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев, Монгол Улсын Эрчим хүчний сайд Бадрахын Найдалаа нарын уулзалтын дараа уг гэрээг албан ёсоор үзэглэсэн ажээ.
Энэхүү гэрээг үзэглэх уулзалтад ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилёв, Монгол Улсын Эрчим хүчний сайд Бадрахын Найдалаа болон Үйлдвэр, ашигт малтмал, шар тосны нөөцийн сайд Гонгорын Дамдинням нар биечлэн оролцож, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаа бататгасан байна.

ТАСС агентлагийн мэдээлснээр ОХУ болон Монгол Улс Улаанбаатар хотын ДЦС-3 (ТЭЦ-3)-ын шинэчлэлийн зураг төслийг боловсруулах гэрээнд гарын үсэг зурсныг мэдээлээд, энэ нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх стратегийн чухал ач холбогдолтой төсөл болохыг Оросын Эрчим хүчний сайдын үгнээс иш татан онцолжээ.
ОХУ-ын Эрчим хүчний яамнаас албан ёсоор мэдээлснээр, Оросын "Интер РАО – Экспорт" компани Монгол Улсын "ДЦС-3" ТӨХК-тай Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станц-3-ыг шинэчлэн өргөтгөх төслийн үндсэн зураг төслийг (базовый проект) боловсруулах албан ёсны гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү шийдвэр нь ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев Монгол Улсын Эрчим хүчний сайд, болон Үйлдвэр, ашигт малтмалын сайд нартай хийсэн албан ёсны хэлэлцээрийн үр дүнд эцэслэгдсэн байна.
"Энэ бол хоёр орны худалдаа, эдийн засгийн стратегийн алхам"
ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев гэрээг үзэглэсний дараа хэлсэн үгэндээ тус төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлэв. Тэрбээр, "Энэхүү төсөл нь зөвхөн Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системийн хөгжилд стратегийн чухал ач холбогдолтой төдийгүй, Орос-Монголын худалдаа, эдийн засгийн харилцааг бүхэлд нь бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна" хэмээн онцолжээ.
Мөн Оросын тал тус гэрээг амжилттай хэрэгжүүлж, ДЦС-3-ыг шинэчлэн барих ажилд хоёр орны компаниудын хамтын ажиллагааг бүх талаар дэмжихэд бэлэн байгаагаа бататгасан байна.
Цахилгаан станцын нэрлэсэн хүчин чадал нь 198 МВт юм. Тус байгууламжид 48 МВт хүчин чадалтай, дунд даралтын (уурын даралт 35–39 атм) хэсэг багтах бөгөөд энэ нь ихээхэн элэгдэж, солих шаардлагатай болсон байна. Мөн 150 МВт хүчин чадалтай, өндөр даралтын (уурын даралт 90–110 атм) хэсэг бий. 2014 онд нэмэлт блок ашиглалтад орсон боловч 2025 онд гарсан галын улмаас ноцтой гэмтжээ.
Дулаан, цахилгаан эрчим хүчний 3-р станцыг (ДЦС-3) шинэчлэх ажлын хүрээнд гурван шинэ эрчим хүчний блок барихаар төлөвлөж байна. 48 МВт хүчин чадалтай, дунд даралтын хэсгийг орлуулах зорилгоор нийт 250 МВт хүчин чадал бүхий хоёр блок суурилуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн, ДЦС-3-ын өндөр даралтын хэсгийг өргөтгөж, нэмэлтээр 50 МВт-ын хүчин чадалтай блок нэмэхээр болсон байна.
ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдээлснээр, сайд нарын уулзалтаар Орос улсаас Монгол Улс руу цахилгаан эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх боломж, Монгол Улсын усан цахилгаан эрчим хүчний нөөц бололцоог ашиглах, мөн цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцжээ.
Түүнчлэн түлш, эрчим хүчний цогцолбор, тэр дундаа цөмийн салбарт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийн сургалтын чиглэлээр туршлага солилцох асуудалд онцгой анхаарал хандуулсан байна.
Мөн талууд шинжлэх ухаан, технологийн хөгжил, дэвшилтэт дижитал шийдлүүдийг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг эрчим хүчний сүлжээнд нэгтгэх, эрчим хүч хуримтлуулах системийг ашиглалтад оруулах зэрэг асуудлаар ярилцлаа. Үүнээс гадна Орос, Монголын эрчим хүчний системүүдийг хооронд нь холбосны 50 жилийн ойг тэмдэглэх асуудлыг хэлэлцсэн аж.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



