"Если быть точным" төсөл орон гэргүйчүүдэд туслах "Ночлежка" буяны байгууллагатай хамтран ОХУ-ын бүс нутгуудын орон гэргүй болох эрсдэлийн индексийг тооцоолон гаргасан байна. Уг судалгааг ядуурал, ажилгүйдлийн түвшин, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц, өр зээл, нас баралт зэрэг үндсэн 15 үзүүлэлтэд тулгуурлан гаргажээ. Чансааг Якут улс 10-аас 8.94 оноогоор тэргүүлсэн бол түүний араас Тува (8.78) болон Чукотка (8.44) удаалсан байна. Хамгийн өндөр эрсдэлтэй 20 бүс нутгийн 17 нь Сибирь болон Алс Дорнодод байрлаж байна.
Судалгаанаас үзэхэд, Якутад ослын болон ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдардаг хотын хүн амын эзлэх хувь тус улсад хамгийн өндөрт оржээ. Түүнчлэн өвөл тэнд агаарын температур дунджаар -39 хэм хүртэл хүйтэрдэг нь гудамжинд амьдрах эрсдэлийг туйлын аюултай болгодог аж. Хүмүүс албан ёсоор орон сууцтай ч гэлээ түлээ мод, нүүрс, ундны усны мөсөө ганцаараа бэлтгэж чадахгүйн улмаас толгой хорогдох газаргүй болох тохиолдол цөөнгүй гардаг байна.
Харин Тува улсын хувьд хугацаа хэтэрсэн зээлийн өрийн хэмжээгээр ОХУ-д нэгдүгээр байранд орсон бөгөөд ядуурлын заагаас 1.5 дахин бага орлоготой хүн амын эзлэх хувиар улсдаа хоёрдугаарт бичигджээ. Чукоткад архинаас үүдэлтэй нас баралт Орост хамгийн өндөр буюу 100 мянган хүн тутамд 158.5 тохиолдол бүртгэгдсэн нь бүс нутгуудын дундаж түвшнээс даруй тав дахин их байна. Мөн шилжилт хөдөлгөөн их байдаг нь оршин суугчдын дунд тогтвортой нийгмийн харилцаа үүсэхэд саад болдог аж.
Жагсаалтын хамгийн төгсгөлд Хойд Кавказын бүгд найрамдах улсууд оржээ. Чечень улс 1.06 индексээр хамгийн сүүлийн буюу 85 дугаар байранд орсон бол Кабардино-Балкари 84, Дагестан 83 дугаар байрыг эзэлсэн байна. Социологич Расул Абдулхаликовын тайлбарласнаар, тэнд ураг төрөл, хөрш зэргэлдээх хүмүүс болон шашны бүлгүүдийн дунд тусламжийн маш нягт сүлжээ байдаг тул гудамжинд ил задгай орон гэргүй амьдрах үзэгдэл бараг байдаггүй аж. Москва болон Санкт-Петербург хотууд жагсаалтын дунд хэсэгт буюу 43 болон 41 дүгээр байранд оржээ. Эдгээр хотуудад ядуурал, ажилгүйдэл бага боловч орлогын тэгш бус байдал өндөр, орон сууц хэтэрхий үнэтэй байдаг нь эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн ОХУ-ын 85 бүс нутгийн долоод нь орон гэргүй хүмүүст зориулсан нэг ч орогнох байр байдаггүй бөгөөд 20 бүс нутагт улсын чанартай асрамжийн газар огт байдаггүй гэж судалгаанд дурджээ.
ТАТАР МАЙДАР






Нийгэм



