Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Герман-Монголын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотноо зохион байгуулав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг форумыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Германы харилцааг 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн нь худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээснийг тэмдэглэв.
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан тус форумд хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцов.
Монгол, Германы харилцаа 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж нээсэн юм.
Форумын үеэр Германы дэвшилтэт технологи, ноу-хауг Монгол Улсын нөөц боломжтой уялдуулан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх, экспортын зах зээлийг тэлэх, эдийн засгийн харилцааг бодит төсөл, хөрөнгө оруулалтаар баяжуулах асуудлаар хэлэлцэв.
Мөн Монголын аж үйлдвэр, ноос, ноолуурын салбарын хөрөнгө оруулалтын боломж, цаашдын хөгжлийн чиглэлийг хөндөж, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар санал солилцлоо.
Арга хэмжээний хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурж, холбогдох талууд баталгаажуулав.
Тухайлбал, Монголын “GR Precast” ХХК болон Германы “CBS Home” компани Монгол Улсад хөнгөн бетон угсармал эдлэлийн орчин үеийн үйлдвэрлэл байгуулах, “Blackbox Energy” болон “smartOPS” компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах чиглэлээр баримт бичиг үйлдсэн бол “Хүнс Комплекс” ХХК Германы “Poly-clip System”, “Eberhardt” компаниудтай бизнесийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Тус форум нь хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн шууд харилцааг бэхжүүлэх, шинэ түншлэл бий болгох, харилцан ашигтай төслүүдийг урагшлуулах, Стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит үр дүнгээр баяжуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
ТАТАР МАЙДАР





Эдийн засаг



