Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.
"Амар хялбар аргаар мөнгө олох уу?" гэсэн саналын цаана цахим залилан нуугдаж, иргэд хөлс хүчээ дуслуулан олсон хөрөнгөө хормын дотор алдсаар байна. Сүүлийн үед хувь хүний цахим хаяг руу хууль бусаар нэвтэрч, ойр дотнын хүмүүсээс нь мөнгө зээлэх нэрээр залилдаг цахим халдлага эрс ихэссэнийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн анхаарууллаа.
Статистик мэдээллээр, 2026 онд хууль хяналтын байгууллагад бүртгэгдсэнээр нийт 5245 иргэн цахим залилангийн золиос болж, халааснаасаа 28 тэрбум төгрөг алдан хохирчээ. Үүнээс албаныхан 15.9 тэрбум төгрөгийг битүүмжлэн царцааж, 1.8 тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан ч үлдсэн үлэмж хэмжээний мөнгөний урсгал хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Ням-Осорын Учралын зүгээс Кибер аюулгүй байдлын зөвлөлд цахим залилангийн эсрэг "Anti-Scam" нэгдсэн тогтолцоог яаралтай бүрдүүлэх үүргийг өглөө. Төр, арилжааны банкууд болон харилцаа холбооны оператор байгууллагууд хамтран цахим залилан, хууль бус мөрийтэй тоглоомтой тууштай тэмцэхээр болсон байна. Уг хамтын ажиллагааны гол зорилго нь иргэдийг мөнгөө алдахаас нь өмнө урьдчилан хамгаалах, хэрэв залилуулсан тохиолдолд мөнгөний шилжүүлгийн урсгалыг богино хугацаанд шуурхай зогсоож, хохирлыг эзэнд нь буцаан олгуулах явдал юм.
Эцэст нь, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг сануулж, өөрт ирсэн ямар ч сэжигтэй линк, хаягийг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн PubCERT залилангийн холбоос шалгах албан ёсны вэбсайт-аар заавал шалгаж, өөрийгөө болон гэр бүлээ цахим халдлагаас хамгаалахыг уриаллаа.
ТАТАР МАЙДАР




)

Нийгэм



