Дэлхийн даяарх Итали хэлний долоо хоногийн хүрээнд Улаанбаатар хот дахь Дүрслэх урлагийн академид Итали улсад дээд боловсрол эзэмшсэн монгол төгсөгчид болон тус улсын их, дээд сургуулиудын оюутнуудыг нэгтгэсэн "Төгсөгчдийн сүлжээ" (Alumni Network)-ний нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээг БНИУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан зохион байгуулсан бөгөөд Италид урлаг, хэл, соёлын чиглэлээр суралцаж төгссөн болон одоо суралцаж буй олон тооны оюутан, залуус оролцсон байна.
Арга хэмжээний үеэр Итали улсад суралцаж, Монголын домог зүй болон уламжлалт хэв маягаас сэдэвлэсэн бүтээлүүдээрээ тус улсын урлагийн салбарт танигдсан нэрт уран бүтээлч Бэхбаатарын Энхтөр, мөн Итали-Монголын парламент хоорондын найрамдлын бүлгийн дарга, цөмийн физикч доктор Агваанлувсангийн Ундраа нар оролцож үг хэллээ. Тэд өөрсдийн суралцах хугацааны туршлага, Италийн соёл болон шинжлэх ухаан, урлагийн салбарын онцлогийн талаар хуваалцсан юм.
Энэхүү сүлжээ байгуулагдсанаар Италид суралцаж төгссөн монгол залуус хоорондоо холбоотой байж, харилцан туршлага солилцох, цаашлаад хоёр орны соёл, шинжлэх ухаан, урлаг, боловсролын хамтын ажиллагааг гүүр болон хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцоллоо.
ТАТАР МАЙДАР






Нийгэм




