АНУ-ын Элчин сайд Ричард Буанган Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр байгуулагдсан мэргэжлийн лабораториудтай танилцлаа
Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус сургуулийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Айлчлалын гол зорилго нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацын санхүүжилтээр, Монголын Мянганы сорилтын сангийн "Мэргэжлийн боловсролын сургалтын төсөл"-ийн хүрээнд тус сургуульд байгуулагдсан найман мэргэжлийн лабораторийн үйл ажиллагаа, сургалтын орчин болон орчин үеийн тоног төхөөрөмжүүдтэй танилцахад чиглэсэн байна.
Энэхүү үйл ажиллагааны үеэр сургуулийн захирал асан Г.Энхбат, зөвлөх багш Ц.Мөнххуяг нар хүрэлцэн ирж, олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн лабораториудын үйл ажиллагааг англи хэлээр тайлбарлан танилцуулсан нь айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулжээ. Сургуулийн удирдлагуудын зүгээс тэдний мэдлэг, туршлага, сэтгэл зүтгэлд гүн талархал илэрхийлсэн байна.
Айлчлалын үеэр суралцагчдын ур чадвар, бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл болгон орчин үеийн CNC токарийн машинаар тусгайлан урласан шатрыг Элчин сайд Ричард Буанганд дурсгал болгон гардуулжээ. Тус сургуулийн зүгээс энэхүү айлчлал нь мэргэжлийн боловсрол, сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын практик ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодит ажлуудаа олон улсын түншүүдэд танилцуулах маш чухал ач холбогдолтой боломж болсныг онцолсон байна.
Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж нь анх 1967 онд үүсэн байгуулагдсан түүхтэй бөгөөд өдгөө тус бүс нутагтаа уул уурхай, техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг жишиг сургуулиудын нэг юм. Тус сургууль нь нийт 26 чиглэлээр мэргэжлийн болон техникийн боловсрол олгодог бөгөөд үүнд хүнд машин механизмын оператор, уул уурхайн ашиглалт, механикжсан тээврийн хэрэгсэл болон механизмын засвар үйлчилгээ, гагнуурчин, цахилгаан хангамж болон тоног төхөөрөмжийн ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, бэлчээр хамгаалал, нөхөн сэргээлт зэрэг олон талт эрэлттэй мэргэжлүүд багтдаг. Түүнчлэн үйлдвэрлэлийн бодит талбар болох Шивээ Овоо хувьцаат компанитай хамтран хосмог сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
Байгуулагдсанаасаа хойшхи түүхэн хугацаандаа тус сургууль нь улс орны эдийн засгийн салбарт 15000 гаруй мэргэжилтэн, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргаж, ажлын байраар хангаад байна. Одоогийн байдлаар тус коллежид дунджаар жил бүр 400-аас 500 орчим суралцагч шинээр элсэн ордог бөгөөд жилд дунджаар 200-аас 300 орчим залуус мэргэжлийн болон техникийн боловсролын диплом, үнэмлэхээ гардан төгсдөг байна. Сургууль нь улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн тул суралцагчид нь хөтөлбөрөөсөө хамаарч сар бүрийн тэтгэлэг, урамшуулалд хамрагдах ба дотуур байранд үнэ төлбөргүй суух зэрэг төрөл бүрийн дэмжлэг туслалцааг авах бүрэн боломжтой байдаг юм.
АНУ-ын Мянганы сорилтын сангийн (МСС) анхны Компакт гэрээний хүрээнд хэрэгжсэн "Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл"-өөр байгуулагдсан лабораториуд болон тоног төхөөрөмжүүд нь 2012-2013 онд иж бүрэн шинэчлэгдэж, ашиглалтад орсон байдаг.
Уг төсөл нь Монгол Улсад 2009-2013 оны хооронд хэрэгжсэн бөгөөд төслийн хаалтын шатанд буюу 2012 болон 2013 онуудад шаардлагатай мэргэжлийн лабораториуд, орчин үеийн багаж техникүүдийг Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж тэргүүтэй төрийн өмчийн сургуулиудад албан ёсоор хүлээлгэн өгч, сургалтын орчныг шинэчилсэн түүхтэй.
ТАТАР МАЙДАР




Нийгэм





