ОХУ-ын Сибирийн бүс нутаг буюу Томск мужийн Каргасокский дүүргийн Неготка хэмээх алслагдсан жижиг тосгонд зэрлэг байгалийн амьтан хүний амьдрах орчинд нэвтэрсэн нэгэн хачирхалтай бөгөөд аюултай үйл явдал болжээ. Гэрийн эзэгтэйг эзгүйд нэгэн аварга том баавгай байшинд нь нэвтэрч, доторх бүх зүйлийг сандаачиж, улмаар зочны өрөөний буйдан дээр тухлан гүн нойронд автсан байна. Энэ талаар Толпаровское хөдөөгийн суурингийн захиргааны тэргүүн Людмила Гаврилова ярьжээ. Мөн Людмила тэр баавгай тавилгыг эвдэлж, хөргөгчийг мэрж, ханан дээрх зургуудыг унагасан байсан гэлээ.
Тухайн өглөө гэрийн эзэгтэйн хамаатан садных нь залуу байшингийн зуухыг галлаж, муурыг нь хооллохоор орж ирээд хачин жигтэй, чанга хурхирах чимээ сонсжээ. Тэрээр чимээ гарсан зүгт буюу зочны өрөө рүү шагалтал асаалттай зурагтын өмнөх тухлаг буйдан дээр аварга том баавгай унтаж байхыг олж харан, маш их цочирдсон байна.
Хоол хүнсийг нь цөлмөж, хананд байсан зургуудыг нь сарвуудаж унаган, байшинг нь орвонгоор нь эргүүлж явахдаа баавгай санамсаргүй зурагтын удирдлага дээр гишгэж орхисон бололтой. Ингээд зурагт нь асаж, аятайхан уур амьсгал бүрдмэгц өнөөх "урилгагүй зочин" маань буйдан дээр нь тухлаад нойрсож орхижээ.
Залуу байшингаас яаралтай зугтан гарч, тосгоны иргэдэд мэдэгдсэн байна. Орон нутгийн анчид болон холбогдох албаныхны мэдээлснээр уг баавгай нь өвлийн ичээндээ орохоос өмнө идэш тэжээл хайж явсан, маш их туйлдаж турсан, насанд хүрсэн том амьтан байсан гэнэ. Тиймээс тосгоны эрчүүд ирж, амьтныг буудаж устгахаас өөр аргагүйд хүрсэн байна. Зэрлэг баавгай хүний суурьшлын бүсэд дахин нэвтэрч, иргэдийн амь насанд аюул учруулахаас сэргийлж уг шийдвэрийг гаргасан бөгөөд азаар энэхүү үйл явдлын үеэр хүн бэртэж гэмтээгүй төгсжээ.
ТАТАР МАЙДАР







Нийгэм


