Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатараар ахлуулсан газар, нэгжийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг /2026.11.05/ Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторид ажиллаж, Монгол Улсад хэрэглэгдэж буй 3940 нэр төрлийн эмийн бүтээгдэхүүний чанарын шинжилгээг хийх тухай Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд хийсэн тандалт судалгааны дүнг танилцуулан, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр лабораторийн тоног төхөөрөмж, техникийн нөхцөл сайжирч, эмийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийх чадавх нэмэгдсэн бөгөөд шинжилгээний ажил үе шаттай хэрэгжиж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноос хойш өнөөдрийн байдлаар нийт 692 нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнд чанарын шинжилгээ хийж гүйцэтгэсэн талаар тус газрын удирдлагууд мэдээлэв.
Тус газрын дарга П.Алтанцэцэг лабораторийн тоног төхөөрөмж, техник хангамжийн нөхцөл сайжирсан хэдий ч шинжилгээг бүрэн хүчин чадлаар, тасралтгүй гүйцэтгэхэд мэргэжлийн хүний нөөцийн хүрэлцээ, шинжилгээний урвалж бодисын хангамжтай холбоотой санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолсон юм.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас лабораторийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, шинжилгээний ажлын төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр холбогдох санал, зөвлөмжийг хүргүүллээ.
Монгол улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд эрүүл мэндийн салбарын чөлөөлөлтийн хүрээнд Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагатай хамтарсан уулзалт зохион байгуулж, шаардлагатай зохицуулалт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
|
Эх сурвалж
| Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар
|
АДМИН






Нийгэм




