Энэтхэгийн Төв Засгийн газраас Төвөдийн оюун санааны удирдагч Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон түүний “Гандан Подран” (Gaden Phodrang) ажлын албанд зориулан Шинэ Дели хотын Лютьенс дүүрэгт 7 дугаар зэрэглэлийн төрийн харш буюу бунгало хуваарилж өгснөөр түүнийг улсын нийслэлд айлчлах үеэр байрлах байнгын түшиц газартай болголоо.
Төвөдийн цөллөгийн парламентын гишүүд Мягмар гарагт энэхүү шийдвэрийг оюун санааны удирдагч болон төвөдийн ард түмэнд үзүүлж буй томоохон дэмжлэг хэмээн тодорхойлжээ. Хэдийгээр Орон сууц, хот байгуулалтын яамны албаныхан сэтгүүлчдийн асуултад хариу өгөөгүй ч тус яам өнгөрсөн онд хүсэлт хүлээн авсны дараа Пандит Рави Шанкар Шуклагийн гудамжинд орших уг бунгалог Гадаад хэргийн яамны мэдэлд шилжүүлсэн байна. Энэ үйл явцыг сайн мэдэх эх сурвалжуудын хэлснээр ийм төрлийн байр сууцыг эхний ээлжид гурван жилийн хугацаатай олгодог бөгөөд цаашид сунгах боломжтой байдаг аж.
ANI агентлагийн мэдээлснээр, Төвөдийн цөллөгийн парламентын дарга Долма Церинг уг шийдвэрийг “маш таатай мэдээ” хэмээн онцолжээ. Тэрбээр энэхүү өргөө нь Далай ламыг улсын нийслэлд айлчлахад илүү дөхөм болгож, Делид саатах хугацаандаа тав тухтай байх боломжийг бүрдүүлнэ гэсэн байна.
Уг шийдвэрийг сайшаан хүлээн авч буйгаа илэрхийлсэн Төвөдийн цөллөгийн парламентын гишүүн, Байнгын хорооны гишүүн Чоедак Гяцо “Биднийг эх оронгүй байхад Энэтхэгийн Засгийн газар бидэнд орогнол олгосон. Биднийг газар нутгаа алдахад Дарамсалаг өгч, соёлоо хадгалж үлдэх сургууль, олон байгууллагыг байгуулж өгсөн” хэмээн дурджээ. Тэрбээр саяхан Дели хотод албан ёсоор айлчилж, парламентын гишүүдтэй уулзах үеэрээ Төвөдийн парламентын дэд даргын хамт тус бунгалод биечлэн очиж үзсэнээ дурсаад, үүнийг асар их нэр төрийн хэрэг хэмээн тодорхойлсон байна.
Далай ламын ажлын алба болох “Гандан Подран” нь түүнийг улс төрийн эрх мэдлээсээ сайн дураараа татгалзаж, сонгогдсон төвөдийн удирдлагад шилжүүлсний дараа буюу 2011 онд Энэтхэгт хувийн сан хэлбэрээр бүртгэгдсэн юм. Тус сан нь Далай ламын институцийг хадгалан хамгаалах, түүний оюун санааны болон хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй ажилладаг.
ТАТАР МАЙДАР






Нийгэм



