Шинэ жилийн баярыг манайхан өргөн дэлгэр тэмдэглэдэг. Арванхоёрдугаар сар гарахтай зэрэгцэн байгууллагууд шинэ жилээ тэмдэглэж, энд тэндгүй гацуур мод засагдан шинэ жилийн дуу эгшиглэнэ.
Сөрөг зүйлс ч дагаж ирдэг. Уг нь шинэ жилийн баяр гэдэг халуун дулаан уур амьсгал дунд гэр бүл, ойр дотнын хүмүүсийнхээ хүрээнд тэмдэглэгддэг баяр.
Гэтэл өдгөө зах замбараагүй архидалт болж, үүнийг дагасан олон төрлийн ил далд гэмт хэргүүд ихэсдэг. Түүнчлэн эмнэлгийн ор архины гүн хордлогод орсон хүмүүс, согтуу явж байгаад гэмтэж, бэртэж, гар хөлөө хөлдөөж, осгосон өвчтөнүүдээр дүүрдэг. Шалтгаан нь ердөө л архидалт.
Гэмтлийн эмнэлгийн эмч ярьж байна:
-40 гаруй насны эмэгтэй согтуудаа осгож хүргэгдэн ирсэн. Байгууллагын шилдэг ажилтан болсон учир ажлынхан нь өнөөх муухай зангаараа шахаад согтоочихсон. Халамцуу гараад гудамжинд тасарч унаад, арван хуруу нь мэдээгүй болчихсон. Бүр тэгж гадаа унаснаа мэдэхгүй болтлоо согтчихсон. Уг нь архи огт амсдаггүй хүн байсан гэсэн. 10 хурууг нь тайрахаас өөр сонголт үлдээгүй.
Ийм төрлийн кэйс нэгээр тогтохгүй их бий. СЭМҮТ-ийн сургагч багш Ж.Гижир:
-20 гаруй насны Банканд теллер хийдэг охин байгууллагынхаа шинэ жилээр шагнал авсан байгаа юм. Байгууллагын аварга болсон гээд өнөөдүүл нь шахаад, маргааш нь шонгийн мод тэврээд хөлдөөд үхчихсэн байсан.
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг
-2023 оны байдлаар - 4730
-2024 оны эхний 11 сарын байдлаар - 6459
-Өмнөх оны мөн үеэс 36.6 хувиар өссөн
Эрүүлжүүлэгдсэн хүний тоо
-2023 оны байдлаар 32442
-2024 оны эхний 11 сарын байдлаар 33764
-Үүнээс эмэгтэй 2734 байна.
Шинэ жилийн баяр хүйтний улиралд тохиодог. Тэр ч утгаараа нэгнээ архиар шахах нь эрсдэлтэй үйлдэл юм. Уудаггүй хүмүүс халуун газар ууж байгаад хүйтэнд гарахаар “салхинд цохиулна” гэдэг шиг тасраад унах магадлал асар өндөр байдаг гэнэ. Тиймээс энэ асуудлыг хуульчилж өгсөн байдаг.
Цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунгуа:
-Хэн нэгнийг архи согтууруулах ундаагаар шахсан буюу уухыг шаардсан тохиолдолд тухайн архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн ямар нэг байдлаар бусдад гэм хор учруулсан бол тухайн учирсан гэм хорын нөхөн төлбөрийг архи уухыг шахсан хүн нь төлнө гэх заалт хуульд бий. Архи уусны дараа хүний биед халдах гэмт хэрэг хийх магадлал өсдөг.
Архи таатай мэдрэмж төрүүлж, яриа хөөрөөтэй, сэтгэл хөдлөлтэй болгодог байна. Тиймээс шинэ жилийн үеэр архи хэрэглэх нь хяналтгүй уух магадлалыг нэмэгдүүлдэг. Энэ үедээ хүн түрэмгий зан гаргах, хяналтаа алдах магадлалтайг сэтгэлзүйчид ярьж байна.
Монголчууд байгалиасаа архи даадаггүй ард түмэн
Монголчууд байгалиасаа архи даадаггүй ард түмэн болохыг энэ талын эрдэмтэн, судлаачид сануулж байна. Хэдэн мянганы турш бага градустай шимийн архи ууж ирсэн үндэстэн өндөр градустай барууны архи хэрэглэхээр бие организм нь дийлдэггүй.
Синдүра-Мед эмнэлгийн эмч П.Баянжаргал:
-Архи хүний биед орсны дараа хоргүйжүүлэх процесс явагддаг. Архийг задлах чадамж нь ферментээс шалтгаалдаг. Монголчуудад архи задлах фермент дэлхийн бусад улсыг бодвол харьцангуй бага.
Спиртийг задлах чадамж европчуудаас 3-5 дахин бага, Азиудаас 2 дахин бага байдаг.
Хүний бие цагт 10 грамм спиртийг задалдаг. Монголчуудынх бүр бага. Энэ 10 грамм 12-13 цагт биеэс хоргүйжиж гардаг. Манай монгол эрчүүд стандарт уултаас 9-10 дахин их уудаг. Энэ нь дэлхийд дээрээс 3 дугаар байранд эрэмбэлэгддэг гэв.
Хүний “Өөрийгөө хянах чадварын төв” духанд байрладаг. Архи уусан үед энэ төв дарангуйлагдаж, хийж байгаа зүйлээ зөв үү, буруу юу, хийх ёстой юу, үгүй юу гэдгээ мэдэхээ больдог. Нэг удаа согттолоо уухад /манайхны хэлдгээр тасартлаа/ хүний тархинд байдаг 15-20 мянган мэдрэлийн эс шууд үхдэг. Зарим нэг нь үхэхгүй ч хямралд орж, үүргээ гүйцэтгэх чадваргүй болно.
СЭМҮТ-ийн эмч Л.Мягмарсүрэн:
Хүн нэг удаа тасраад сэрэхэд 20 мянган мэдрэлийн эс үхдэг. Ерөнхийдөө асар их хэмжээний гэмтэл тархинд үүсдэг. Тасарч унана гэдэг бол ухаан алдах л гэсэн үг. Хүнд цохиулаад ухаан алдаж унадагтай яг адил хэмжээний хүчтэй гэмтлийг тархинд үзүүлдэг.
Яваандаа архины тэнэгрэл үүсдэг. Манай эмнэлэгт архины тэнэгрэл оноштой хүмүүс ихэссэн.
Энэ бол архаг хүнд тавилантай өвчин. Эдгэрдэггүй. Манайд мөн архины цагаан солиотой хүмүүс асар их ирж байна. Энэ бол шарталтын процесс. Эмэгтэйчүүд солиорол их байгаа. Мөн 20 орчим насны хүүхдүүд, бүр бага насны хүүхдүүд ч архины солиоролтой болж ирж байгаа.
СЭМҮТ-ийн сургагч багш Ж.Гижир:
-Манай СЭМҮТ-ийн Архигүй өдрийн эмчилгээнд орсон арван хүн тутмын 6-7 нь эдгэрч гардаг. Энэ бол сайн үзүүлэлт. Бид 2016 оноос хойш 3000 гаруй хүнийг архинаас бүрэн гаргаад байна.
Б.АМАРТҮВШИН