Dark Light
Нийгэм | 2025-02-06

УТААНЫ СОНСГОЛООС ОНЦЛОХ УГААР ШИГ 7 БАРИМТ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хамар хорсгодог утааны сонсголоор чих янгинам тоо баримтууд сөхөгдлөө. Тусгай хяналтын биш Ерөнхий сонсгол явуулж, ерөнхийд нь сонсох төдийд мөсөн уулын орой нь хүртэл утаанд харлаж, үнсэнд сааралтсан нь илчлэгдлээ. 

Ингээд утааны сонсголоор сөхөгдсөн угаар шиг хортой, утаа шиг тортогтой тоо баримтуудыг онцлон хүргэе.

1.Малаа тоолдог ч хүнээ тоолж чаддаггүй гэдэг үг утаан дээр утгаараа гэх үү, утгагүйгээр төгсөрлөө.  Утаагаа арилгах нь бүү хэл угаартсан хүнээ тоолж дөнгөхгүй байна. 163 уу, 779 үү гэсэн хол зөрүүтэй хоёр өөр тоон дээр маргалаа. 163 нь гэртээ угаартаж алтан амиа алдагдсын тоо. 779 нь эмнэлгийн бүртгэсэн тоо. Ямарч байсан сайжруулсан нэртэй муужруулсан түлшинд угаартаж нас барагсад  Халхголын болон 1945 оны чөлөөлөх дайны хохирлоос хол давсан байна. Ураг удам, уушиг, элэгний хорт хавдар, зүрх судасны өвчлөлд хүргэснийг тооцвол утааны хохирол бүр их гарна.  

2.Утаанд 2 их наяд төгрөг хийсгэж, 1,2 их наядыг нь шахмал түлшинд шахаж шатаасан. Сайжруулсан түлш анх нэвтрүүлсэн 2019-2020 оны өвөл утаа тал хувиар буураад буцаагаад муужруулсан нь стандарт биш стандарт, стандартгүй барьцалдуулагчаас болсон байна. 2019 оны MNS 56792019 стандартаа 2022 онд сайжруулж биш муужруулж өөрчилсөн. Хүний сайн сайхны төлөөх стандарт шаардлага биш түлшнийхээ муу муухайд тааруулж доошлуулсан. Цардуултай барьцалдуулагчынхаа оронд гидрат, доломитын шохойг сольсон. Өдий хүртэл барьцалдуулагч нь ямар нэг барих стандарт, баримтлах шаардлагагүй. Худалдан авагч “Тавантолгой түлш” компанийн Ерөнхий инженер Бат-Өлзий өөрөө барьцалдуулагчийн зохиогчийн эрхийг бариад сууж байдаг. Өөрийнх нь зохиолоор хийсэн кино өөрт нь таалагдаад, өрөөл бусдын татварын мөнгөөр өч төчнөөн тэрбумаар худалдаж авдаг .

3.“Тавантолгой түлш” компани өөрийнхөө бүтээгдэхүүнийг өөрийнхөө лабораторид шинжилдэг. Өөрөө өөртөө өндөр  дүн өргөж тавьдаг. Өөртөө өндөр дүн тавьдаг лаборатори  нь итгэмжлэлийн гэрчилгээ бичиггүй. Муу сурдаг хүүхэд өөртөө багш болдог. Тавантолгой түлш, тээврийн товчоод, уурын зуух, утаа олгойдсон янданг харж хянахаа хаяж мартсан. Нэг айл хаягдал түлж байлаа гэхэд хэнд хэлэх нь хэнд ч ойлгомжгүй болсон.  

4.Аудитын шалгалтаар 295,9 тэрбум төгрөгийн 147 төрлийн зөрчил илэрсэн. Үүнээс 101,5 тэрбум төгрөгийн 6 зөрчилд эрүү үүсгэн шалгаж мөрдөж байгаа. Дотоодын утлагачдын гадаадын  аялалд 106 саяыг зарцуулсан. “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн 17 гишүүн ашиг биш алдагдлын төлөө өөрсдийгөө 1,1 тэрбум төгрөгөөр урамшуулан бурамшуулсан. Монголын улс төрд муугийн илрэл, муухайгийн бэлгэдэл болсон 17-гийн тоо ахиад л энд давтагдаж байна. 

5.Багануурын нүүрснээс хий гаргаж, 2,1 сая доллар үрсэн төсөл шүүгээ саванд тоосонд дарагдан мартагдсан. Тэгж яривал, Жунгуузын Баатарсүрэн захиралтай,  “Аморе интернэшнл” компани 2-р цахилгаан станцад 21 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ гэж татвар төлөгч Та биднээс аль 12 жилийн өмнө 17 тэрбум төгрөг аваад салхинд хийсгэсэн. Ахиад л 17 тэрбум. Жунгуузын Баатарсүрэнд 2013 онд хэрэг үүсгэн шалгасан ч, хэрэгсэхгүй болгосон. Эхнэр нь 3 тэрбумыг нь ББСБ-аар хүүлэх хүртэл хүүдэгнэсэн энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. 

6.Яндангаа буулгаж, цахилгаан халаалттай болсон айлууд үнэ нь өсөн гэрэл дулаанд цалин орлогоо дуусгадаг болсон. Нэг юм хийхдээ нөгөөг нь нураадаг нь Монгол төрийн гэм биш зан. Уриалж ятгасаар байгаад тогоор халаадаг болонгуут нь торгоод эхэлсэн. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх  энэ айлуудын хэрэглээ нь буураагүй, шөнийн цагт хөнгөлөлт эдэлж байгаа гэж тавласан. Өвлийн ид хүйтэнд хөлдөж осгохгүйн тулд халаалтаа салгаж чадахгүй, өндөр үнэ төлөхөөс өөр яахав дээ.

7.Агаарын бохирдолд үрсэн мөнгө, учирсан хохирол бүрийг тооцвол толгой тархинд бүү хэл тооны машинд багтахгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс яамд, агентлагууд нүүж холдох, эдгэхгүй архагшдаг ханиад хатгаа, харшил багтрааны эм тарианы мөнгө гэх мэтийг тооцвол үржүүлэхийн хүрдээр өртөг хохирол өснө: 

Агаар биш угаар бол түлш нүүрс, яндангаа хөөлөх, зуухаа солих төдий асуудал биш. Асуудал бэрхшээл үндэс язгууртай нь биш үр дагаврынх нь араас хөөцөлддөг, олуулаа бага газар дээр амьдрах инженерийн шийдэлгүй хот, баталсан төлөвлөгөө зургаа баримтлахгүй орхидог хот, газрын наймааны гамшиг, үе үеийн эрх баригчдын хийгээгүй ажил, хийсэн мөнгө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00