БАЙНА
Хөдөлмөр, халамж үйлчилгээний салбарын удирдах ажилтны өргөтгөсөн зөвлөгөөн эхэллээ. Хөдөлмөр, халамж үйлчилгээний салбарт 1700 гаруй төрийн албан хаагч ажиллаж, нийт 40 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Энэ хүрээнд тус салбарын удирдах ажилтны өргөтгөсөн зөвлөгөөн өнөөдөр эхэлж, хоёр өдрийн турш үргэлжлэх юм. Зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн удирдах ажилтнууд оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцэж байна.
Зөвлөгөөний үеэр 2025 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод тодорхой үр дүн гаргахаар ажиллаж буйг онцоллоо. Халамжийн үйлчилгээний ихэнх хэсэг цахимд шилжсэн хэдий ч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг хүний оролцоотойгоор шийдвэрлэх шаардлага хэвээр байна. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох удирдамжийг боловсруулж, хэрэгжүүлэхээр зорьж байна.
2025 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 175 тэрбум төгрөг зарцуулна
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2025 онд:
-Жижиг зээл, санхүүгийн дэмжлэгт 45 тэрбум төгрөг
-Ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийг тогтвортой байлгахад 130 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Эдгээр хөрөнгийг “Хөдөлмөрийн харилцаа” хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хөгжлийн гүүр”, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бичил бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах юм.
“Job Center” төвүүдийг орон нутагт байгуулна
2024 онд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний цогц төв буюу “Job Center”-ийг Улаанбаатар хотод 4 салбартай байгуулсан бол 2025 онд орон нутагт 30 төв байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь иргэдийг ажлын байраар хангах, хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүссэн нь анхаарал татаж байна
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон зээлийн авлагыг бууруулах шаардлага тулгарч буйг албаныхан онцоллоо. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүссэн нь анхаарал татах асуудал болоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зээл олголт, хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд ирэх онд томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжихээр төлөвлөгдсөн ч өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан авлага, зээлийн эргэн төлөлтийн асуудал тулгамдсан хэвээр байна. Тиймээс засгийн газар, холбогдох байгууллагууд санхүүгийн хяналтыг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах чиглэлд онцгой анхаарах шаардлагатай байна.